detail-cover-img

Чухал ашигт малтмал ба Монголын боломж

Чухал ашигт малтмалыг (critical minerals) улс орон бүр өөрийн эдийн засгийн бүтэц, хөгжлийн стратеги, эрчим хүчний шилжилт, технологи болон нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл, боломж зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан тодорхойлдог. Хэдий улс орон бүр өөрсдийн онцлогт тохирсон жагсаалт гаргадаг ч, чухал технологиудад хэрэглэгддэг, нийлүүлэлт нь хомсдох эрсдэлтэй ашигт малтмалууд болох газрын ховор элемент, зэс, лити, кобальт, никель зэрэг нь олон улсын чухал ангилалд багтдаг.

Дэлхий дахинд чухал ашигт малтмалын нөөцийг баталгаажуулах, нийлүүлэлтийн сүлжээний түншүүдээ төрөлжүүлэх хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улс бүс нутгийн болон олон улсын түншлэлээр дамжуулан эдийн засгийн хэтийн төлөвөө нэмэгдүүлэх замаар уул уурхайн салбарт гүйцэтгэх үүрэг, оролцоогоо өргөжүүлэх боломжтой.

Монгол Улс дэлхийн эрчим хүчний шилжилтийн чиг хандлагыг дагахын тулд бүс нутгийн хөгжил, чухал ашигт малтмалын тогтвортой хайгуул, олборлолтыг чухалчилсан цогц стратеги боловсруулах шаардлагатай байна. Гангийн үйлдвэрлэлд шаардлагатай коксжих нүүрс, жонш, мөн эрчим хүчний шилжилтийн дэд бүтэц, цахилгаан машин болон батарейн үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг зэс, никель, цайр, газрын ховор элементүүд, уран зэрэг стратегийн ашигт малтмалын нөөц Монгол Улсад арвин бий.

Газрын тос, байгалийн хийн зах зээл нь металл, ашигт малтмалынхаас хэд дахин том билээ. Энэ нь 20-р зуунд дэлхийн аж үйлдвэржилт голчлон газрын тос, байгалийн хий болон дулааны нүүрсэнд суурилж ирсэнтэй холбоотой.

Харин 21-р зуунд технологи болон эрчим хүчний шилжилт нь дэлхий ертөнцийг металл, ашигт малтмалд илүү их суурилсан эдийн засаг руу чиглүүлж байна. Жишээлбэл, цахилгаан автомашин нь уламжлалт дотоод шаталт хөдөлгүүртэй автомашинаас хэд дахин их металл ашигладаг. Мөн нар, салхины эрчим хүчний системүүд уламжлалт эх үүсвэрээс илүү металл шаарддаг тул гол металлын эрэлт ирээдүйд өсөх төлөвтэй байна.

“US Geological survey,” “BMO Capital Markets”-ын судалгаа хүн төрөлхтөн эрт дээр үеээс 2020 он хүртэл нийт 700 гаруй сая тонн зэс олборлож, хэрэглэсэн гэж тооцсон ба энэтэй дүйцэхүйц адил хэмжээний зэсийг дэлхийн улсууд дараагийн 20 жилд дэд бүтэц, эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор хэрэглэх төлөвтөй буй гэж тооцсон байна.

Ханган нийлүүлэлтийн сүлжээний үүднээс харахад цахилгаан автомашины батарей зэрэг шинээр өсч буй салбар нь Монголын чухал ашигт малтмалын хувьд нэгэн том боломж юм. Цахилгаан автомашины батарей нь тухайн тээврийн хэрэгслийн нийт өртгийн бараг тал хувийг эзэлдэг тул батарейн технологийн өртөг, гүйцэтгэл, чанар нь дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг тодорхойлох гол хүчин зүйл болдог. Иймээс GM, Tesla, BYD зэрэг компаниуд өөрсдийн батарейн нийлүүлэлтийн сүлжээг баталгаажуулах үүднээс түншлэл байгуулж, стратегийн чухал ашигт малтмалын нийлүүлэлтэд шууд хөрөнгө оруулалт хийж байна.

Батарейн технологийн давуу тал нь зөвхөн цахилгаан машины хувьд төдийгүй эрчим хүчний системд чухал ач холбогдолтой. Технологийн тэргүүлэгч компаниуд эрчим хүчний экосистемийн томоохон тоглогчид болж, гэр ахуйн сүлжээний батарейнаас эхлээд сэргээгдэх цахилгаан станцын батарей, тохируулгын болон сүлжээний нийцтэй байдлыг хангах шийдлийг гаргах боломжтой болж байна.

Монгол Улс нар болон салхины их нөөцтэй тул эдгээр үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг ногоон эрчим хүчний нийлүүлэлтээр хангах боломжтой бөгөөд “Монголын ногоон чухал ашигт малтмал” (green critical minerals) гэх брэнд үүсгэж ялгарах нэг боломж байж болох юм.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс олон улсын түншүүдтэй эрчим хүч, чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах дэвшил гаргасан. Хоёр талын хамтын ажиллагааны хэлэлцээрүүд урагшилж, ажил хэрэг болж байгаа энэ үед Монгол Улс ханган нийлүүлэлтийн сүлжээний тоглогч болж, уул уурхайн салбар төдийгүй худалдааны түншүүдээ төрөлжүүлэх боломжтой болох билээ.

Монголын чухал ашигт малтмалын стратеги нь дараах гол хэсгүүдийг тусгах хэрэгтэй:

  • Чухал ашигт малтмалын жагсаалт: зэс, лити, кобальт, никель, газрын ховор элемент, уран зэрэг эрчим хүчний шилжилтэд зайлшгүй шаардлагатай ашигт малтмалыг нэн тэргүүнд тодорхойлж, дэлхийн эрэлт хэрэгцээ, технологийн чиг хандлагатай нийцүүлэх.
  • Уул уурхайн өндөр боломжит газруудыг тодорхойлох, хөгжүүлэх төлөвлөгөө: Геологийн судалгаа, ТЭЗҮ, дэвшилтэт технологи ашиглан олон улсын стандарт нийцэх үнэлгээ хийх, олон улсын геологи, шинжлэх ухааны фирмүүдтэй хамтран ажиллах.
  • Хөрөнгө оруулалтын тогтвортой нөхцөлийг бүрдүүлэх: Харилцан ашигтай байх хөрөнгө оруулалтын загвар, тогтвортой бодлоготой болох.
  • Дэд бүтцийг хөгжүүлэх, дэмжих үйлчилгээ: Тээвэр, эрчим хүч, логистикийн сүлжээ зэрэг чухал дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах.
  • Хайгуул, түншлэл, хөгжлийн цогц төлөвлөгөө: Дэлхийн тэргүүлэгч уул уурхайн компаниуд, технологи нийлүүлэгчид, судалгааны байгууллагуудтай стратегийн холбоо тогтоох.
  • Зохицуулалтын оновчтой тогтолцоо: Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдэд шударгаар нөхөн олговор, урамшуулал үзүүлэх, уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагааг дэмжих олон улсын “best case” загвартай болох.

Эдгээр стратегийг хэрэгжүүлснээр Монгол Улс дэлхийн чухал ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээнд хаана, яаж оролцохыг нэгдсэн байдлаар ойлгомжтой тогтвортой болгож, дотоод болон гадаад хөрөнгө оруулагчид илүү зорилготойгоор шинэ төслүүдийг хөгжүүлэх боломжтой болно. Бид дэлхийн зах зээлд бусад улс, ханган нийлүүлэгч нартай худалдааны нөхцөл, хөрөнгө оруулалт татахаар өрсөлдөж буй тул тогтвортой, ойлгомжтой бодлоготой байх нь урт хугацааны хөрөнгө оруулалтын төслийг амжилттай хэрэгжүүлэх чухал хүчин зүйл юм. 

Монгол Улсын хувьд гол түүхий эдийг ханган нийлүүлэх замаар бүс нутгийн болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд бага нөлөө үзүүлэх эрчим хүчний шилжилтэд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой. Үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлснээр нэмүү өртөг шингээх хүчин чармайлт гаргах боломж мөн үүснэ. Цахилгаан машин үйлдвэрлэгчдийн хувьд чухал ач холбогдолтой металлууд, тэр дундаа машины батарей нь өрсөлдөөний гол давуу тал болж байна. Монголын зэсийн томоохон олборлолт, газрын ховор элемент, уран зэрэг бусад чухал нөөцүүд нь эрчим хүчний нөөцөө төрөлжүүлэх, нарны зай, салхин цахилгаан станц, батарейн үйлдвэрлэл зэрэг тогтвортой ногоон дэд бүтцийг хөгжүүлэх боломжийг Монгол Улсад олгож байна.


Тинк Монгол Индэрийн нийтлэлүүдэд тусгагдсан аливаа үзэл бодол, санал, дүгнэлт нь зөвхөн нийтлэлчийнх бөгөөд Тинк Монгол Институтийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй болно.

Төстэй нийтлэлүүд