

Канад Улсын Торонто хотноо 3 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “PDAC-2026” олон улсын чуулга уулзалтаар уул уурхайн салбарын стратегийн чиглэл улам тодорхой болж байгааг ажиглав. Чуулганы хэлэлцүүлгийн гол төвд “чухал ашигт малтмал” (critical minerals) байж, энэ нь хэд хэдэн томоохон дэлхийн эдийн засаг, технологи болон эрчим хүчний шилжилтийн чиг хандлагын огтлолцлоос үүсэж байгааг онцлов.

Юуны өмнө хиймэл оюун ухаан (Artificial Intelligence, AI), дата төвүүдийн хурдацтай өсөлт металлын эрэлтийг шинэ шатанд гаргаж байна. AI дата төвүүд асар их цахилгаан эрчим хүч хэрэглэдэг бөгөөд цахилгаанжуулалт нэмэгдэхийн хэрээр зэс, никель, хөнгөн цагаан зэрэг металлын хэрэглээ нэмэгдэх нь тодорхой юм. Түүнчлэн, сервер, цахилгаан дамжуулах дэд бүтэц, хөргөлтийн систем зэрэгт их хэмжээний металл шаардлагатай байдаг. Энэ утгаараа хиймэл оюун ухаан нь зөвхөн технологийн салбарын асуудал бус, харин уул уурхайн салбарын эрэлтийн шинэ хөдөлгөгч хүчин болж эхэлж байна.
Хоёрдугаарт, эрчим хүчний шилжилт (energy transition) нь чухал ашигт малтмалын эрэлтийг урт хугацаанд баталгаажуулж байгаа гол хүчин зүйл хэвээр байна. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин, батарейн технологи, цахилгаан сүлжээний өргөтгөл зэрэг нь бүгд зэс, лити, никель, кобальт, графит зэрэг металлуудад өндөр эрэлт бий болгож байна. Ялангуяа, цахилгаан дамжуулах сүлжээний өргөтгөл нь их хэмжээний зэс шаарддаг бөгөөд олон оронд цахилгаан дамжуулах сүлжээний өргөтгөл (grid expansion) нь чухал ашигт малтмалын эрэлтийг өсгөх гол хүчин зүйлсийн нэг болж байна.

Гуравдугаарт, нийлүүлэлтийн сүлжээ болон геополитикийн асуудал чухал ашигт малтмалын стратегийн ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна. Олон орон стратегийн түүхий эдийн нийлүүлэлтийн найдвартай байдал (supply chain security)-ыг чухалчилж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд зарим чухал ашигт малтмалын үйлдвэрлэл, боловсруулах хүчин чадал цөөн улс оронд төвлөрсөн нь эрсдэлийг улам нэмэгдүүлсэн билээ. Үүний улмаас олон улс нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх, шинэ хайгуулын төслүүдийг дэмжих, мөн дотоодын олборлолт болон боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлого баримталж эхлээд байна. Энэ нь уул уурхайн төслүүдийг зөвхөн геологийн чанараар бус, мөн нийлүүлэлтийн геополитик, сүлжээний стратегийн ач холбогдлоор үнэлэх шинэ хандлагыг бий болгож буй юм.
Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдын хандлага ч тодорхой байдлаар өөрчлөгдөж байна. Өмнө нь зах зээлд түүхий эдийн мөчлөг давамгайлдаг байсан бол одоо чухал ашигт малтмалуудын хувьд урт хугацааны (structural demand) илүү чухал болж байна. Хөрөнгө оруулагчид өндөр чанарын, урт хугацаанд тогтвортой үйлдвэрлэлтэй, мөн улс төрийн эрсдэл багатай төслүүдийг илүү сонирхож байна.
“PDAC 2026” чуулга уулзалтаас ажиглагдсан өөр нэг хандлага нь улс орнуудад чухал ашигт малтмалын салбарт төрийн бодлогын дэмжлэг, оролцоо нэмэгдэж буй явдал байв. Зарим илтгэлүүдэд АНУ чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор хөнгөлөлтэй зээл, бага хувь хэмжээний хувьцааны хөрөнгө оруулалт, баталгаат худалдан авах үнийн доод хязгаар (price floor), оффтэйк гэрээ зэрэг механизмаар дамжуулан олон төслүүдийг дэмжиж эхэлснийг онцолж байв. Үүний зорилго нь зөвхөн шинэ уурхай хөгжүүлэх бус, харин хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч болон цэвэр эрчим хүчний салбаруудын нийлүүлэлтийн суурийг баталгаажуулах явдал юм.

Үүнээс гадна, уул уурхайн томоохон компаниуд өөрсдөө өгөгдөл болон хиймэл оюун ухааныг ашиглан үйл ажиллагаагаа өөрчлөхийг зорьж байна. Уул уурхай нь олон арван жилийн туршид хуримтлагдсан геологийн мэдээлэл, өрөмдлөгийн өгөгдөл, геофизикийн судалгаа, үйлдвэрлэлийн мэдээлэл зэрэг асар их дата мэдээлэлтэй салбар юм. Өмнө нь энэ мэдээллийн ихэнх нь бүрэн ашиглагддаггүй байсан бол одоо компаниуд үүнийг стратегийн давуу тал, компанийн өрсөлдөх чадварын хувьд гол хүчин зүйл (moat) болгон ашиглахыг зорьж байна.
Ялангуяа хайгуулын шатанд хиймэл оюун ухааны хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байна. Геологийн зураглал, өрөмдлөгийн мэдээлэл, геофизикийн дата, сансрын зураг зэрэг олон эх үүсвэрийн мэдээллийг нэгтгэн анализ хийж, шинэ ордын магадлалыг тодорхойлох алгоритмуудыг компаниуд ашиглаж эхэлж байна.

Түүнчлэн уул уурхайн компаниуд үйл ажиллагаандаа AI болон дата анализ ашиглах чиглэл өргөжиж байна. Үүнд, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний урьдчилсан таамаглал, хүдэр боловсруулах үйлдвэрийн процессын оновчлол, уурхайн төлөвлөлтийн сайжруулалт, эрчим хүчний хэрэглээний оновчлох (optimization) зэрэг багтана. Зарим компаниуд уурхайн бүх үйл ажиллагааны дижитал загварыг бүтээж (digital twin), үйлдвэрлэлийн процессыг виртуал орчинд туршиж, илүү оновчтой шийдвэр гаргах боломжийг судалж байна.

Энэ бүхнээс харахад уул уурхайн салбар одоо гурван том системийн огтлолцол дээр байрлаж байна. Нэгдүгээрт, эрчим хүчний шилжилт, хоёрдугаарт хиймэл оюун ухаан болон технологийн өсөлт, гуравдугаарт геополитик болон нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал. Энэ гурван хүчин зүйл зэрэгцэн үйлчилж байгаа нь чухал ашигт малтмалын урт хугацааны эрэлт болон стратегийн ач холбогдлыг улам нэмэгдүүлж буй юм.
Ийм нөхцөлд уул уурхайн компаниуд зөвхөн шинэ орд илрүүлэхээс гадна илүү өргөн стратеги баримтлах шаардлагатай болж байна. Үүнд, технологийн чадавх, өгөгдлийн ашиглалт, боловсруулах хүчин чадал, мөн стратегийн түншлэлүүд зэрэг олон хүчин зүйл багтана. Өөрөөр хэлбэл, уул уурхай улам бүр зөвхөн геологи бус, харин технологи, санхүү, геополитик, нийлүүлэлтийн сүлжээний огтлолцсон салбар болон өөрчлөгдөж байна.

Монголын уул уурхайн, хайгуулын, хөрөнгө оруулалт болон бодлого гаргагч байгууллагуудын төлөөлөл PDAC-д тогтмол оролцож, олон улсын хөрөнгө оруулагчид болон салбарын тоглогчидтой уулзалт хийж буй. Монгол Улсын хувьд зэс, нүүрс болон бусад чухал ашигт малтмалын томоохон нөөцтэй учраас чухал ашигт малтмалын талаарх дэлхийн хэлэлцүүлэгт улам илүү ач холбогдолтой орон болж байна. Үүний зэрэгцээ, Монгол Улс дэлхийн бусад улсуудын төслүүд, ханган нийлүүлэгч нартай худалдааны нөхцөл, хөрөнгө оруулалтаар өрсөлдөж байгаа тул урт хугацааны хөрөнгө оруулалт татаж, шинэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд өрсөлдөхүйц, оновчтой бөгөөд тогтвортой бодлоготой байх нь чухал юм.


Эцэст нь харахад PDAC дээр гарч ирсэн хамгийн чухал мессежнүүдийн нэг нь уул уурхай дэлхийн эдийн засгийн дэд “background industry” байхаа больж, харин ирээдүйн технологи болон эрчим хүчний системийг дэмжих стратегийн суурь салбар болж дахин төвд гарч ирж буй явдал юм. Чухал ашигт малтмалын эрэлт AI болон эрчим хүчний шилжилтээс шалтгаалан өсөж байгаа бол нөгөө талдаа уул уурхайн компаниуд өөрсдөө AI, “data science” технологийн ашиглалтаас хамааран илүү чухал салбар болон өөрчлөгдөж байна.





