
Төв Азийн таван улс болох Казахстан, Киргиз, Тажикстан, Туркменистан, Узбекистан (“C5”) өнгөрсөн хорин жилийн турш АНУ-тай голчлон Афганистаны аюулгүй байдлын хүрээнд харилцаж ирсэн. Харин 2024 оноос хойш C5, АНУ-ын харилцаа ердийн дипломат яриа хэлэлцээний түвшнээс ахиж, бодит эдийн засгийн үр өгөөжтэй “хэлэлцээрт суурилсан хамтын ажиллагаа” руу шилжиж буй. Үүний гол хөдөлгөгч нь дэлхий дахин дахь чухал ашигт малтмалын төлөөх өрсөлдөөн аж.
АНУ чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээгээ Хятад, Оросоос хамаарал багатай болгохыг зорьж буй нь уран, зэс, алт, газрын ховор элементийн асар их нөөцтэй Төв Азийн орнуудад түүхэн боломж нээж өгч байна. C5 улсууд ч энэхүү боломжийг зоримог ашиглан АНУ-тай эдийн засгийн бодит түншлэлийг бий болгоход чиглэсэн бодлого идэвхтэй явуулж эхэллээ.
АНУ-Төв Азийн харилцаа шинэ шатанд гарлаа
2024 оны 2 дугаар сард “C5+1” (C5 болон АНУ) орнуудын чухал ашигт малтмалын анхдугаар хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, Төв Азийг дэлхийн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд идэвхтэй оролцуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Үүний араас удалгүй Алматы хотноо төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, АНУ-Төв Азийн эдийн засгийн түншлэлийг дэмжих зорилготой хувийн хэвшлийнхэн голлосон "B5+1" анхдугаар форум зохион байгуулагдсан. Мөн 2024 оны сүүлээр АНУ болон Узбекистан улс чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан билээ.
АНУ-Төв Азийн харилцааг шат ахиулахад 2025 оны 11 дүгээр сард болсон C5+1 Дээд түвшний уулзалт томоохон хөшүүрэг болсон. Тус уулзалтаар АНУ-Төв Ази хоорондын эдийн засгийн түншлэлийн гэрээ, хэлэлцээрүүдийг шат ахиулсан бөгөөд эдгээр нь хөгжиж буй орнуудад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар Америкийн эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх гэсэн Трампын засаг захиргааны бодлоготой бүрэн нийцэж буй юм.
"Хэлэлцээрийн бүс" (Deal Zone) арга хэмжээний үеэр АНУ, Төв Азийн орнуудын хооронд 25 тэрбум ам.доллар давсан үнийн дүнтэй худалдааны хэлэлцээрүүд хийгдсэнийг зарласан. Тус арга хэмжээ Казахстан болон Узбекистан улсуудын хувьд онцгой үр өгөөжтэй байлаа. Тухайлбал, Америкийн “Cove Capital” Казахстаны төрийн өмчит “Тау-Кен Самрук” уул уурхайн компанитай хамтран дэлхийн хамгийн том гянтболдын ордуудыг хөгжүүлэх түүхэн хэлэлцээр хийв. Уг хэлэлцээрийн шууд хөрөнгө оруулалт нь 1 тэрбум ам.доллароор хэмжигдэх бөгөөд ордын нийт нөөц нь 80 тэрбум ам.доллар давах ба энэ нь АНУ-Казахстаны чухал ашигт малтмалын хамтын ажиллагааны шинэ жишгийг тогтоолоо.
АНУ мөн Узбекистантай газрын ховор элементийн төслийн хүрээнд хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов. Хамтран хөгжүүлэх ордууд дээр АНУ давуу худалдан авах эрхтэй байхаар тохиролцож, ашигт малтмалын зураглал, хайгуулын ажлыг дэмжихээр болж хоёр талын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд чиглэсэн 400 сая ам.долларын санхүүжилт амлав. Эдгээр нь Төв Азийн “эрчим хүчний бус” уул уурхайн салбарт АНУ-аас хийж буй анхны томоохон хөрөнгө оруулалт боллоо.
Дээд түвшний уулзалтаар байгуулсан хэлэлцээрүүд нь Төв Азийн орнуудад Орос, Хятадаас эдийн засгийн хамаарлаа бууруулах боломжийг нээж өглөө. Үүнд тээвэр, худалдааны дэд бүтцийг хөгжүүлэх асуудал багтах бөгөөд агаарын тээврийн салбарт онцгой анхаарал хандуулж буй. C5 улсууд эдийн засгаа төрөлжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд АНУ үүнийг өөрсдийн компаниудаар дамжуулан тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх, тэр дундаа мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны салбарт дэмжлэг үзүүлэхээр тохиролцов.
АНУ-Төв Азийн харилцааны идэвхжил 2026 онд ч мөн үргэлжилсээр байна. 2026 оны 2 дугаар сард Вашингтон чухал ашигт малтмалын нөөц бүрдүүлж, нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах зорилго бүхий 12 тэрбум ам.долларын төсөвтэй "Project Vault" төслийг эхлүүлэв. АНУ-ын EXIM банкны 10 тэрбум ам.долларын зээлээр дэмжигдэх энэхүү санаачилга нь Төв Азид томоохон боломжийг олгоод буй. Учир нь тус банк АНУ болон түүний холбоотнуудын нийлүүлэлтийн сүлжээг, тэр дундаа уул уурхай, боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн төслүүдийг дэмжихэд зориулж 100 тэрбум ам.долларын санхүүжилтийн нөөцтэй аж. Төв Азийн хувьд энэ нь чухал ашигт малтмалын хамтын ажиллагаагаа өргөжүүлж АНУ-аас хөрөнгө татах бас нэгэн боломжит сувгийг нээж өгөөд байна. Үүнтэй давхцан Узбекистан, АНУ хоёр 2024 онд байгуулсан Санамж бичиг дээрээ үндэслэн чухал ашигт малтмал, газрын ховор элементийн нийлүүлэлт, олборлолт болон боловсруулалтын чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шинэ Санамж бичиг байгуулжээ.
Эдгээр үр дүн тохиолдол биш
Төв Азийн орнууд энэхүү амжилтыг санаандгүй олсонгүй. Тэд Вашингтоны анхаарлыг хүлээж суулгүй, Трампын засаг захиргаатай тогтоосон харилцаагаа ашиглан лоббидох үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлэв. Өнгөрсөн 1 дүгээр сард Казахстаны Элчин сайдын яам Трампын сонгуулийн кампанит ажлын зөвлөхийн үүсгэн байгуулсан "Continental Strategy" лобби фирмтэй сарын 275,000 ам.долларын гэрээ байгуулжээ. Узбекистан улс ч мөн 2025 оны C5+1 Дээд түвшний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевын Цагаан ордон дахь оройн зоогт оролцсон ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Forward Global” компанийг стратегийн харилцаа холбооны чиглэлээр хөлслөв. Долоо хоногийн дараа төрийн өмчит “Узбекнефтегаз” компани Трампын засаг захиргаатай ойр гэгддэг Америкийн лобби фирм болох “Ballard Partners”-тай таван жилийн хугацаатай 5 сая ам.доллар хүртэлх үнийн дүнтэй гэрээ байгуулсан байна.
Уламжлалт лобби фирмүүдээс гадна Төв Азийн орнууд Вашингтонд төвтэй тинк танкуудыг “албан бус лобби” хийлгүүлэх зорилгоор мөн идэвхтэй ашиглаж стратегийн болон эдийн засгийн ашиг сонирхлоо урагшлуулж байна. Жишээлбэл, “Caspian Policy Center” тинк танк нь Төв Азийн удирдагчид болон АНУ-ын бодлого тодорхойлогчдын хоорондын харилцааг гүнзгийрүүлэх, стратегийн яриа хэлэлцээ өрнүүлэх өндөр түвшний талбар болж байна.
Эдгээр хүчин чармайлт нь бодит хэлэлцээрээс гадна дипломат харилцааны хувьд ч томоохон ахиц авчирлаа. 2025 оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Трамп Казахстан, Узбекистаны төрийн тэргүүнүүдийг 2026 оны сүүлээр Майамид болох G20 дээд хэмжээний уулзалтад урьсан нь Төв Азийн орнууд дэлхийн тавцанд чухал тоглогчид болж буйн дохио юм.
Бидний авах сургамж юу вэ?
Төв Азийн таван улс ашигт малтмал, эрчим хүчний арвин нөөцтэй ч эдийн засгийн хувьд Оросоос өндөр хамааралтай хэвээр бөгөөд Хятад улс дэд бүтэц, уул уурхайн томоохон хөрөнгө оруулалтаар тус бүс нутаг дахь нөлөөгөө тэлсээр буй. Энэхүү геополитикийн орчин нь Монголын нөхцөл байдалтай олон талаар төстэй. Иймээс хоёр их гүрний дунд орших, “Гуравдагч хөрш”-ийн бодлого баримтлагч Монголын хувьд бүрэн эрхт байдлаа бэхжүүлж, эдийн засгаа тэлэхэд Төв Азийн орнуудын туршлага үнэтэй сургамж, гарц байж болох юм.
Трампын засаг захиргаа эдийн засгийн үр ашгийг эн тэргүүнд тавьж, хоёр улсын харилцааны амжилтыг бодит мөнгөн дүн, Америкийн үндэсний аюулгүй байдалд оруулж буй хувь нэмрээр нь хэмжиж байна. Хятад улс газрын ховор элементийн экспортод хязгаарлалт тогтоож, ашигт малтмалын боловсруулалтад давамгайллаа хадгалсаар байгаа энэ үед АНУ нийлүүлэлтийн өөр эх үүсвэр хайсаар байна. C5 орнууд энэ боломжийг зөв ашиглан Төв Азийг Хятад, Оросын эрхшээлд үлдээх нь алсын хараагүй бөгөөд стратегийн алдаа болохыг Вашингтонд ойлгуулж чадлаа.
Монгол C5 улстай адил чухал ашигт малтмал, газрын ховор элементийн арвин нөөцтэй боловч айлын туршлагаас харахад улс орон өөрийгөө таниулах хүчин чармайлт гаргахгүй л бол дипломат ажиллагааны ололт амжилт, томоохон хэлэлцээрүүд өөрөө аяндаа бий болж, үр өгөөжөө өгдөггүй аж.
Бодит байдал дээр Монгол, АНУ хоёрын эдийн засаг, худалдааны харилцаанд дорвитой ахиц алга. 2025 онд АНУ-ын Казахстантай хийсэн худалдааны эргэлт 5.0 тэрбум ам.доллар давсан байхад Монголтой хийсэн худалдаа ердөө 280 сая ам.доллар орчим буюу Казахстанаас 20 дахин бага байх жишээтэй.
Америкийн тал харилцааг ахиулах чиглэлд тодорхой санаачилга гаргаж эхэлсэн. Жишээлбэл, 2026 оны 2 дугаар сард АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг Монголтой нисэхийн аюулгүй байдлыг сайжруулах гэрээ байгуулж, Монголыг АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны 1-р зэрэглэлийн (CAT 1) статуст хүргэхэд дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэхүү түншлэл нь Монгол-АНУ хооронд шууд нислэг үйлдэх боломжийг нээхээс гадна, чухал ашигт малтмалыг хөрш орнуудаас хамааралгүйгээр агаараар тээвэрлэх стратегийн коридор бий болгох ач холбогдолтой.
Эхний алхмыг АНУ хийж буй энэ үед Монгол идэвхтэй хариу үйлдэл үзүүлж, эдгээр санаачилгыг бодит ажил хэрэг болгон хувиргаж, үр дүн авчрах шаардлагатай. Манай улсын өнөөгийн нөхцөл байдал боломж дутагдсандаа бус, харин бодлогын идэвх сул байгаад оршиж байна.
Дэлхий даяар өрнөж буй чухал ашигт малтмалын төлөөх өрсөлдөөн нь Монголд АНУ-тай харилцаагаа шинэ шатанд гаргах боломжийг бүрдүүлж өгч байна. Хэрэв чухал ашигт малтмал, бусад стратегийн ач холбогдол бүхий нөөцөө “хөшүүрэг” болгон ашиглаж чадвал бидэнд уул уурхайгаас бусад эдийн засгийн салбаруудаа хөгжүүлэх, мөн удааширсан, гацсан хэлэлцээрүүдээ урагшлуулах боломж нээгдэнэ. Тухайлбал, уг хөшүүргийг ашиглан гурван жил гацаад буй “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг урагшлуулж, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй гаргаж болох юм.
Төв Азийн туршлагаас дүгнэхэд, их гүрнүүдийн энэхүү шинэ тоглоомд өөрийн байр сууриа хамгаалж, ашиг сонирхлоо хамгаалахын тулд дараах арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байна:
- Тусламж гуйх биш ашигтай хэлэлцээр хийх: АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхолтой шууд холбоогүй тусламж эрэлхийлэхийн оронд Монгол өөрийн ашигт малтмалын баялгийг Америкийн нийлүүлэлтийн сүлжээний эмзэг байдлыг нөхөх “стратегийн шийдэл” болгон танилцуулах.
- Идэвхтэй лобби явуулах: Вашингтонд Монголын талаарх ойлголт дутмаг хэвээр. Энэ боломжит цаг үеийг алдахгүйн тулд манай төр засгийн удирдлагууд улс орныхоо нөөц бололцоо, Монгол яг юу санал болгож чадахыг АНУ-ын шийдвэр гаргагчдад таниулах, тэдний анхаарлыг татах бодит ажлуудыг өөрсдөө санаачлан өрнүүлэх.
- Дотоод шинэчлэлийг эрчимжүүлэх: Казахстан, Узбекистаны хэмжээнд хөрөнгө оруулалт татахын тулд Монгол дотоодын хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахыг нэн тэргүүнд тавих. Хөрөнгө оруулагчдад ээлтэй байх, эрх зүйн тодорхой байдлыг хангах, авлигатай тэмцэх замаар Монгол хөрөнгө оруулагчдад илүү итгэл төрүүлж, АНУ-ын томоохон компаниуд, банк санхүүгийн байгууллагуудын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж нээгдэх магадлалтай.
Их гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсэж буй өнөө үед Канадын Ерөнхий сайд Марк Карни дунд гүрнүүдэд хандан “хэрэв бид ширээний ард сууж чадахгүй бол ширээн дээрх зоог болно” хэмээн анхааруулсан. Монголын хувьд энэ нь анхаарууштай сануулга юм. Төв Азийн орнуудын адил Монгол идэвхтэй, хэлэлцээрт суурилсан бодлого баримталж, ашигт малтмалын арвин нөөцөө Барууны нийлүүлэлтийн сүлжээний чухал хэсэг болгож чадвал ширээний ард сууж чадна.


