detail-cover-img

Ормузын хоолой: Шатахууны үнийн өсөлтөөс гадна Монгол Улсад үүсэх сорилтууд

Ормузын хоолой нь дэлхийн эрчим хүчний системийн хамгийн чухал стратегийн зангилаануудын нэг бөгөөд далайн тээврээр тээвэрлэгдэж буй газрын тосны ойролцоогоор дөрөвний нэгийг, мөн шингэрүүлсэн байгалийн хий болон нефть-химийн бүтээгдэхүүний ихээхэн хэсгийг дамжуулдаг.

Иран болон Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй цэргийн хурцадмал байдал нь энэхүү чухал коридороор дамжих тээвэр, нийлүүлэлтэд саад учруулах эрсдэлийг нэмэгдүүлж, дэлхийн түүхий эдийн зах зээлд шууд нөлөөлж эхэллээ. Үүний үр дүнд түүхий нефтийн үнэ аль хэдийн гурван оронтой түвшинд хүрч, бензин, дизелийн үнэ дэлхий даяар өсөх хандлагатай байна.

Монгол Улсын хувьд шатахууны үнийн өсөлтийн нөлөөг бодлогын түвшинд аль хэдийн тооцож эхлээд байна. Манай улс шатахууны үнийн хувьд ОХУ-аас шууд хамааралтай боловч Ойрхи Дорнодын бүс нутгийн хурцадмал байдал БНХАУ-ын эдийн засагт хүчтэй нөлөөлж, улмаар тус улсаар дамжин Монголд нөлөөлөх эрсдэл өндөр юм. Эдийн засаг хөгжлийн яам газрын тосны үнэ 20 хувиар өсөхөд Монголд 1 хувийн инфляц үүсэх тооцоо гарсныг мэдэгдсэн. Гэвч энэ нь зөвхөн хамгийн ил харагдах, шууд нөлөөлөл юм.

Бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээгээр дамжих импортын инфляц

Монгол Улс нь эдийн засгийн бүтцийн хувьд импортод өндөр хамааралтай, хэрэглэгч орон юм. Голчлон БНХАУ, ОХУ-аас бараа бүтээгдэхүүн импортолдог нь дэлхийн тээвэр, логистикийн савлагаанд шууд бусаар хүчтэй өртөх нөхцөлийг бүрдүүлдэг.

Ойрхи Дорнодын эрчим хүчнээс шууд хамааралгүй байсан ч Ормузын хоолойд үүсэх саатал нь дэлхийн хэмжээнд дараах зардлуудыг өсгөнө:

  • Далайн тээврийн түлш (bunker fuel)-ийн үнэ нэмэгдэх 
  • Тээвэр, контейнерийн тариф өсөх 
  • Тээврийн даатгалын шимтгэл нэмэгдэх 

Эдгээр зардлын өсөлт нь нийлүүлэлтийн сүлжээгээр дамжин Монголд импортлогдох бараа бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлж, улмаар өргөн хүрээний импортын инфляц үүсгэнэ. Ялангуяа хүнс, барилгын материал, өргөн хэрэглээний барааны үнэ илүү мэдрэгээр өсөх эрсдэлтэй.

Бордооны шок: Ил харагдахгүй боловч стратегийн эрсдэл

Нефтийн бүтээгдэхүүнээс гадна дэлхий дахинд үүсээд буй бордооны хямрал нь илүү гүнзгий, урт хугацааны эрсдэл дагуулж байна. Ормузын хоолой хаагдсаны улмаас дэлхийн аммонийн нитратын хамгийн том үйлдвэрлэгч ОХУ (үйлдвэрлэлийн ~25%, экспортын ~40%) хаврын тариалалтын улиралд дотоодын хэрэгцээг хангах зорилгоор 3-р сарын 21-нээс 4-р сарын 21 хүртэл экспортын түр хориг тавьсан. ОХУ нь аммонийн нитратыг Бразил, Энэтхэг, Перу, Монгол, Марокко, Мозамбик руу экспортолдог. 2024 онд ОХУ-ын аммонийн нитратын нийт экспортын 3.3% буюу 30.7 сая ам.долларын бүтээгдэхүүн Монгол Улс руу нийлүүлэгдсэн байна.

Энэ нь дараах хүчин зүйлсээс шалтгаалсан нийлүүлэлтийн хязгаарлалтыг улам хүндрүүлж байна:

  • БНХАУ-ын экспортын хязгаарлалт 
  • Европт байгалийн хийн өндөр үнэ азотын бордооны үйлдвэрлэлийг бууруулж буй байдал 
  • Ормузын хоолойгоор дамжих тээврийн эрсдэл 

Бордооны зардал нь дэлхийн хэмжээнд хөдөө аж ахуйн нийт зардлын 20–30%-ийг эзэлдэг бөгөөд үнэ нь огцом өсөх хандлагатай байна. Ялангуяа азотын гол бордоо болох карбамидын үнэ өмнөх оноос мэдэгдэхүйц өссөн бөгөөд цаашид ч өсөх эрсдэл хэвээр байна.

Уул уурхайн салбар дахь нөлөө: Аммонийн нитратын хамаарал

Монгол Улсын хувьд бордооны зах зээлийн савлагаа нь шууд бус боловч стратегийн өндөр ач холбогдолтой нөлөө үзүүлнэ.

Аммонийн нитрат нь зөвхөн хөдөө аж ахуйн орц биш, мөн уул уурхайн тэсрэх бодисын үндсэн түүхий эд юм. Монголын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбар нь энэ бүтээгдэхүүнийг импортоор, тэр дундаа ОХУ-аас өндөр хамааралтайгаар авдаг.

Иймээс аммонийн нитратын үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах нь дараах эрсдэлийг үүсгэнэ:

  • Уул уурхайн компаниудын үйл ажиллагааны зардал өсөх 
  • Олборлолтын үйл ажиллагаа саатах 
  • Салбарын ашигт ажиллагаа буурах 

Уул уурхайн салбар нь ДНБ, экспорт, төсвийн орлогод өндөр жин эзэлдэг тул эдгээр нөлөө нь макро эдийн засагт шууд дарамт үзүүлнэ.

Гадаад шокт өртөмтгий бүтцийн сул тал

Сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдал нь Монгол Улсын эдийн засгийн бүтцийн сул талыг тодорхой харуулж байна. Монгол Улс геополитикийн зөрчилд шууд оролцоогүй ч дам нөлөөллөөр хүчтэй өртдөг хэвээр байна.

Цаашид Монгол Улс уламжлалт түүхий эд олборлох салбарт төвлөрсөн загвараас шат ахиж, уул уурхай дагалдах болон дэмжих салбаруудад дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай. Тэр дундаа уул уурхайн стратегийн ач холбогдолтой орц бүтээгдэхүүний дотоод нийлүүлэлтийн чадавхыг бий болгох нь гадаад хамаарлыг бууруулахаас гадна эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, зардлыг тогтворжуулан, дотооддоо нэмүү өртөг шингээх боломжийг нэмэгдүүлнэ.

Төстэй нийтлэлүүд