detail-cover-img

Монгол ба Төв Ази: Гадаад бодлогын шинэ чиглэл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2026 оны дөрөвдүгээр сарын 20–23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын харилцааг дараагийн шатанд гаргасан үйл явдал болов. Энэхүү айлчлал нь манай улсын төрийн тэргүүний түвшинд сүүлийн 20 жилд Астанад хийгдсэн анхны айлчлал гэдгээрээ түүхэн ач холбогдолтой юм. 

Үүнийг гадаад бодлогын огцом “шинэ эргэлт” гэж тодорхойлохоос илүүтэй сүүлийн жилүүдэд эрчимжиж буй Төв Азийн чиглэлийн бодлогын үргэлжлэл гэж үзэх нь илүү оновчтой. 2024 онд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Улаанбаатарт айлчлах үеэр хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсний дараа ийнхүү хийж буй хариу айлчлал нь уг тохиролцоог бодит хамтын ажиллагаагаар баталгаажуулахын зэрэгцээ улс төрийн итгэлцлийг эдийн засаг, дэд бүтцийн бодит үр дүнд хүргэх алхам болж байна.

Худалдааны зорилт ба тээврийн саад

Астанад болсон дээд түвшний хэлэлцээний гол үр дүн нь худалдаа, банк санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, мэдээллийн технологи зэрэг салбарыг хамарсан нийт 18 хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан явдал байлаа. Энэ нь хоёр улсын харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлж, улс төрийн түвшний тохиролцоог бодит хамтын ажиллагааны суурь болгох оролдлого хэмээн үзэж болно.

Хоёр тал худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 500 сая ам.долларт хүргэх зорилтыг тавьж, Монголын зүгээс ноос, ноолуур, арьс шир, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, харин Казахстаны зүгээс улаан буудай, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тэлэхээр тохиролцов. Гэвч энэхүү зорилтын хэрэгжилт нь хоёр улсын хоорондын тээвэр, логистикийн саадыг хэрхэн шийдвэрлэхээс шууд хамаарах юм.

Монгол, Казахстан хоёр улс газар нутгаар хиллэдэггүй тул худалдаа нь ОХУ болон БНХАУ-аар дамжин хийгддэг нь хоёр талын эдийн засгийн харилцаанд гол саад болж ирсэн билээ. Ийм нөхцөлд Астана–Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийг сэргээх, тээврийн холболтыг сайжруулах асуудлыг хэлэлцсэн нь айлчлалын ач холбогдлыг тодорхойлж байна.

Гэвч талууд шууд нислэг эхлүүлэх талаар ярилцсан ч хэрэгжих хугацаа бүрэн баталгаажаагүй байна. Тиймээс үүнийг шийдэгдсэн бодит үр дүн гэхээс илүү дунд хугацаанд хэрэгжих боломжтой бодлогын чиглэл, газарзүйн хувьд ойр боловч дэд бүтцийн хувьд тасалдсан хоёр улсыг холбох эхний алхам гэж үзэх нь илүү бодитой юм.

Хоёр өөр ойлголт: дэд бүтэц ба стратегийн бие даасан байдал

Айлчлалын талаарх Казахстан болон Монголын хэвлэл мэдээллийн тайлбар өөр өөр өнцөгтэй байна. Казахстаны хэвлэлүүд, тухайлбал The Astana Times болон Qazinform, энэхүү айлчлалыг бүс нутгийн интеграцчлал, тээвэр логистикийн сүлжээний хүрээнд тайлбарлаж, Казахстаныг Евразийн тээврийн зангилаа улс болгон тайлбарлаж байна. Мөн Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах үйл явцад Казахстаны оролцоо, дэмжлэг чухал хэмээн тэмдэглэжээ.

Харин Монголын хэвлэл мэдээлэлд улс төрийн итгэлцэл, стратегийн түншлэлийн гүнзгийрэл болон гадаад бодлогын бие даасан байдлыг илүү тодотгож байна. Энэ нь Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогоо баруун тийш тэлж, хоёр хөршөөс хамаарах хамаарлыг тэнцвэржүүлэх шинэ боломжийг эрэлхийлж буйг илтгэнэ.

Монголын Төв Ази дахь байр суурь ба бодлого

Монгол Улс Төв Азийн улс уу, эсвэл Зүүн хойд Азийн улс уу гэсэн маргаан бодлогын практик түвшинд ач холбогдлоо алдаж эхэлж байна. Бодит байдал дээр Монгол Улс аль нэг бүсэд хязгаарлагдах бус, хоёр чиглэлийг уялдуулсан бодлогыг баримталж буй нь илэрхий юм.

Зүүн хойд Ази нь Монголын экспорт, хөрөнгө оруулалт, далайд гарах гарцын хувьд эдийн засгийн үндсэн тулгуур хэвээр байгаа бол Төв Ази нь өөр төрлийн стратегийн боломжийг нээж байна. Ялангуяа, Монголтой адил далайд гарцгүй, нөөцөд түшиглэсэн эдийн засагтай орнуудтай хамтрах нь шинэ зах зээлд нэвтрэх, тээвэр логистикийн өөр хувилбаруудыг бий болгох боломжийг нэмэгдүүлж байна.

Сүүлийн хоёр жилд Төв Азийн чиглэл дэх өндөр түвшний айлчлалуудын давтамж эрс нэмэгдэж, харилцаа илүү тогтмол, зохион байгуулалттай болж байна. 2023 онд Киргизийн Садыр Жапаров Монголд айлчилсан бол 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Узбекистан улсад төрийн айлчлал хийж, мөн тухайн онд Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев Монголд айлчлах үеэр харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн. 2025 онд Туркменистан болон Узбекистаны төрийн тэргүүнүүд Монголд айлчилсан нь энэ чиглэл дэх хамтын ажиллагаа тогтмолжиж байгааг харуулж байна.

Эдгээр айлчлалуудын дараалал нь Монгол Улс Төв Азийг бодлогын түвшинд илүү ач холбогдол өгч буйг илтгэнэ. Судлаачдын  дүгнэлтээр энэ нь Монгол Улс бүс нутаг дахь оролцоогоо нэмэгдүүлж, “ажиглагч”-ийн байр сууринаас илүү идэвхтэй оролцогчийн түвшинд шилжиж буйтай холбон тайлбарлаж байна.

Энэ идэвхжил нь томоохон геополитикийн өөрчлөлтөөс илүү эдийн засгийн эрсдэлийг бууруулах, гадаад харилцаагаа тэлэх зорилготой. Монголын экспорт хэдхэн зах зээлд төвлөрсөн өнөөгийн нөхцөлд Төв Азийн чиглэл нь шинэ зах зээлд нэвтрэх, тээврийн шинэ боломжийг нээх ач холбогдолтой юм.

Энэ хүрээнд Казахстан онцгой байр суурь эзэлж байна. Бүс нутгийн хамгийн том эдийн засаг, тээврийн чухал зангилаа орны хувьд Монгол Улсыг Орос, Хятадаас гадна бусад зах зээлтэй холбох боломжийг нэмэгдүүлэх гол түнш болж байна. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Астанад хийсэн айлчлал нь Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээг тэлж, Евразийн чиглэлд байр сууриа бэхжүүлж эхэлсний тод илрэл боллоо. 

Дүгнэлт

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ сар Казахстанд хийсэн айлчлал нь гадаад бодлогын огцом өөрчлөлт бус, харин “гуравдагч хөрш”-ийн бодлогын газарзүйн хүрээ Төв Азийн чиглэлд тэлж буйн бодит илрэл юм. Өмнөх үеийн Монголын гадаад бодлого АНУ, Япон, Европ, Зүүн хойд Азийн түншүүдэд түлхүү төвлөрч ирсэн бол сүүлийн жилүүдэд Төв Ази энэ бодлогын шинэ, илүү идэвхтэй чиглэл болж байна. Судлаачид ч Монголын Төв Азид чиглэсэн идэвхжил нь гуравдагч хөршийн бодлогын хувьсал бөгөөд Орос, Хятадаас хэт хамаарах эрсдэлийг бууруулах, бүс нутгийн шинэ түншлэл бий болгох оролдлого гэж тайлбарлаж байна. 

Энэ чиглэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаанд илүү тодорхой болж байна. Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр 2026 оны ярилцлагадаа Төв Азийг чиглэсэн бодлого “20-иод жилийн турш орхигдсон” байсан бөгөөд Киргизийн төрийн тэргүүний Монгол дахь айлчлалаар энэ чиглэлийг “сэргээсэн” гэж тайлбарласан нь энэхүү өөрчлөлт зөвхөн дипломат айлчлалын давтамж бус, бодлогын шинэ чиглэл болж буйг харуулж байна.

Астанад яригдсан тохиролцоо, хамтын ажиллагааны зорилтууд бодитоор хэрэгжих эсэх нь цаашдын гүйцэтгэлээс хамаарах ч хоёр улсын харилцаа ямар чиглэлд хөгжих нь тодорхой болсноороо энэ удаагийн айлчлал ач холбогдолтой юм. Илүү өргөн хүрээнд авч үзвэл Казахстаны айлчлал нь Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогоо зөвхөн алслагдсан түншүүдээр хязгаарлах бус, Евразийн хүрээнд бодлогын сууриа тэлж буйн илрэл юм.

Төстэй нийтлэлүүд