
Энэхүү нийтлэл нь гурван хэсэг бүхий цуврал нийтлэлийн cүүлийн хэсэг бөгөөд "Эдийн засгийн эрх чөлөөний ‘эрэлд’" болон “Эдийн засгийн эрх чөлөө Монголд” нэртэй өмнөх хоёр нийтлэлийн үргэлжлэл, дүгнэлт юм.
Сүүлийн өдрүүдэд “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль” гэсэн ижил нэртэй боловч хоёр өөр философи, хоёр өөр үзэл баримтлал дээр суурилсан хуулийн төсөл яригдаж байна. Нэгийг нь Засгийн газар боловсруулсан бол, нөгөөг нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг санаачилсан.
Засгийн газрын боловсруулсан төсөл эдийн засгийн эрх чөлөөг үндсэндээ төр хэр сайн “үйлчилж, зохицуулж” байгаагаас хамаарах нөхцөл гэж харсан байна. Өөрөөр хэлбэл төр илүү ил тод болж, зөвшөөрөл хурдан олгож, хяналт шалгалтын давхардлыг цөөлбөл бизнес “эрх чөлөөтэй” болно гэсэн хандлагатай. Эдийн засгийн бодлогын зөвлөл гэх мэт бүтэц байгуулж Ерөнхий сайд ахална, төр бизнесийн орчныг үнэлж эрэмбэлнэ, төр-бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ… гэх мэтээр “төр бол гол удирдаач хэвээр, зүгээр л арай соёлтой болно” гэсэн дүр зураг харагдана.
Харин Ардчилсан намын бүлгийн төсөл эдийн засгийн эрх чөлөөг төрөөс үл хамаарах, хувь хүний салшгүй суурь эрх гэж тодорхойлон төрийн үүргийг “сайжруулах”-аас илүүтэй “хязгаарлах” логиктой. Төр эдийн засагт өрсөлдөгч байдлаар оролцохыг хориглох, төрийн өмчит компаниудын тоо хүрээг хуульчлан тогтоох, төрийн хууль бус шийдвэрээр эдийн засгийн эрх зөрчигдвөл заавал нөхөн төлбөр олгох зэрэг нь “төр дүрэм тогтооно, гэхдээ тоглогч биш” гэсэн зарчим руу чиглэжээ.
Эдийн засгийн эрх чөлөө бол хэн нэг дарга өгдөг зүйл биш заяагдмал эрх чөлөө. Гэхдээ бас нэгэнт бий болчхоод өөрөө аяндаа хадгалагдаж чадахгүй, түүнийг алгуурхан, байнга мохоодог хүчнүүдээс тасралтгүй хамгаалж байж л оршин тогтнодог. Хамгийн түрүүнд дур зоргыг төрөөс хамгаалах шаардлагатай. Гэнэтийн татвар, лицензийн өөрчлөлт, хориг, буцаан хэрэглэх бодлого, кампанит “шалгалт”, улс төрийн тэмцэл зэрэг нь бизнесийн итгэлцэл, ирээдүйн төлөвийг нураадаг.
Эдийн засгийн эрх чөлөөг мөн давуу эрхтэй бүлэглэлүүд дотроос нь идэж дуусгадаг. Монопол бүтэц, улс төр–бизнесийн сүлжээ, төрийн өмчит компаниудын зах зээл дээрх давуу байдал нь өрсөлдөөнийг үгүй хийж, чөлөөт сонголтыг цөөнхийн ашиг сонирхолд захируулдаг. Нэмээд эдийн засгийн эрх чөлөө популизмын байнгын заналхийлэлд оршдог. Үнэ хүчээр тогтоох, алдагдлыг татвараар нөхөх, үр дүнг албадан “тэгшитгэх” амлалт нь түр зуурын таашаал өгч болох ч эцэстээ санхүүгийн сахилга, урамшуулал, хариуцлагыг эвддэг.
Бодлогын чиглэл
Эдийн засгийн эрх чөлөөний төлөө бодлогын цөм нь уриа, тунхаглалд бус, өдөр тутмын бодит саад, эрсдэлийг арилгах институцийн өөрчлөлтөд чиглэвэл үр дүнтэй. Юуны өмнө өмчийн эрх, гэрээний биелэлт, маргаан шийдвэрлэлтийг хурдан, найдвартай, урьдчилан таамаглахуйц болгох шаардлагатай. Шүүх удаан, гүйцэтгэл сул, гэрээ амархан өөрчлөгддөг орчинд эдийн засгийн эрх чөлөө цаасан дээр л үлдэнэ. Тиймээс эрхийн хамгаалалт бодит хугацаа, бодит зардлаар хэмжигддэг болох ёстой.
Дараагийн гол чиглэл нь төрийн зохицуулалтыг эрсдэлд суурилсан, хамгийн бага саадтай болгох явдал юм. Лиценз, зөвшөөрөл, хяналт шалгалтад “чимээгүй зөвшөөрөл” буюу төр хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох зарчмыг нэвтрүүлснээр дур зоргын саад арилна. Үүнтэй зэрэгцэн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн давуу байдал олгодог практикийг халж, өрсөлдөөний нейтраль байдлыг хуульчилж, төр тоглогч бус дүрэм сахиулагч хэвээр байх ёстой.
Эдийн засгийн эрх чөлөөг урт хугацаанд хамгаалахын тулд төсвөөс гадуурх санхүүжилт, далд баталгаа, далд өрийг хатуу хязгаарлаж, тогтвортой мөнгө, улс төрөөс ангид санхүүгийн орчныг бүрдүүлэх нь зайлшгүй. Мөн худалдаа, хөрөнгө оруулалтыг улс төрийн савлагаанаас хамгаалж, гэрээний тогтвортой байдлыг эвдэхгүй байх баталгааг бий болгох хэрэгтэй. Төгс арга нь шинэ хууль, бодлого бүр эдийн засгийн эрх чөлөөнд ямар өртөг, нөлөө үзүүлэх вэ гэдгийг урьдчилан тооцдог нөлөөллийн үнэлгээг хуульчлах арга байж болно.
Тинк Монгол Индэрийн нийтлэлүүдэд тусгагдсан аливаа үзэл бодол, санал, дүгнэлт нь зөвхөн нийтлэлчийнх бөгөөд Тинк Монгол Институтийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй болно.




