
Энэхүү нийтлэл нь гурван хэсэгтэй цуврал нийтлэлийн хоёр дахь хэсэг бөгөөд " Эдийн засгийн эрх чөлөөний ‘эрэлд’" гэсэн гарчигтай өмнөх нийтлэлийн үргэлжлэл болно.
Монгол Улсад эдийн засгийн эрх чөлөөг боомилогч гол хүч нь төрийн эдийн засаг дахь оролцоо хэт тэлж, институцийн чанар алдагдсан явдал юм. Энэ тухай Нээлттэй Нийгэм Форумын захиалгаар гүйцэтгэсэн cудалгааны тайлангаас дэлгэрэнгүй танилцаж болно. Зарим гол дүгнэлтийг дор товчлов.
Төрийн хэмжээ ба төсвийн хэт тэлэлт
Сүүлийн жилүүдэд төсвөөр дамжуулсан орлогын дахин хуваарилалт ДНБ-ий 40 гаруй хувьд хүрч, төсвийн зардал эдийн засгийн өсөлтөөс илүү хурдтай нэмэгдсээр ирлээ. Ялангуяа урсгал зардал тэлж, улс төрийн нөлөө бүхий зарцуулалт давамгайлах болсон нь татвар, төсвийн бодлого төдийгүй чөлөөт зах зээлийг хязгаарлагч гол механизм болжээ. Үүний үр дүнд хувийн салбарын орон зай агшиж, урт хугацааны хөрөнгө оруулалт хумигдаж, ирээдүйн өсөлтийг барьцаалсан өр болон болзошгүй эрсдэл (contingent liabilities) хуримтлагдах болсон нь эдийн засгийн эрх чөлөөг системийн хэмжээнд доройтуулж байна.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн (ТӨААН) давамгайлал
Монголд төр бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд нийлүүлэгч хэлбэрээр, эсвэл ТӨААН-үүдээр дамжуулан зах зээлийн идэвхтэй оролцогч болж, өргөн хүрээнд тоглогчийн байр суурь эзэлжээ. Энэ нь төрөлхийн монополыг бэхжүүлж, эзэн–агентын зөрчил үүсгэн, зах зээлийн сахилгын механизмыг сулруулж, ёс зүйн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа олборлох салбарын томоохон төрийн өмчит компаниуд санхүүгийн болон үйл ажиллагааны мэдээллээ тогтмол, ил тод тайлагнахгүй байгаа нь засаглалын ноцтой доголдол бөгөөд ингэснээр хувийн хэвшилтэй тэгш өрсөлдөх орчин алдагдаж, эдийн засгийн эрх чөлөөний гол тулгуур болох шударга өрсөлдөөн бодит утгаараа доройтож байна. Түүнчлэн ДНБ-д ТӨААН-үүдийн эзлэх хувь улам бүр өсөн нэмэгдсээр Монгол Улс хувийн хэвшилд суурилсан зах зээлийн эдийн засаг биш, төрийн капитал давамгайлсан төвлөрсөн эдийн засгийн бүтэц рүү ухарсан.

Хууль дээдлэх зарчим, институцийн сулрал
Эдийн засгийн эрх чөлөөг улам хэврэг болгож өдөр тутамд мэдрэгдэж буй дараагийн асуудал нь төр хийх ёстой гол ажлаа зохих ёсоор хийж чадахгүй байгаа явдал юм. Өмчийн эрхийн хамгаалалт дэлхийн дунджаас доогуур, төрийн шударга байдал, ил тод байдал сул, шүүхийн үр нөлөө хангалтгүй хэвээр байгаа нь бодлого, зохицуулалтын тогтвортой байдлыг алдагдуулж, хувийн хэвшлийн урт хугацааны төлөвлөлт, тогтвортой өсөлтийг бараг боломжгүй болгожээ. Ийм орчинд хөрөнгө оруулалт өндөр эрсдэлтэй болж, эдийн засгийн шийдвэрүүд богино хугацааны ашиг, оппортунист хандлагад төвлөрөхөөс өөр аргагүйд хүрдэг.

Дээрх асуудлуудыг нэгтгэн тайлбарлах ойлголт нь government failure буюу “төрийн бүтэлгүйтэл” юм. Мэдээллийн хомсдол, улс төрийн сонирхлын зөрчил, институцийн сул чадамжийн улмаас төр зах зээлийн “гажуудлыг засах” гэж оролдохдоо өөрөө илүү том гажуудал бий болгож, нөөцийг зохисгүй хуваарилж, инфляц, өрийн дарамтыг нэмж, төрийн үйлчилгээний чанар, иргэдийн итгэлцлийг бууруулдаг. Үр дүнд нь эдийн засгийн эрх чөлөө системийн хэмжээнд хумигдаж байна.
Тинк Монгол Индэрийн нийтлэлүүдэд тусгагдсан аливаа үзэл бодол, санал, дүгнэлт нь зөвхөн нийтлэлчийнх бөгөөд Тинк Монгол Институтийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй болно.




