
Энэхүү нийтлэл нь гурван хэсэг цуврал нийтлэлийн эхний хэсэг юм.
Эдийн засгийн эрх чөлөө гэж юу вэ, бас юу биш вэ?
Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь энгийнээр хувь хүн хөдөлмөрлөх, өмч хөрөнгө олж авч эзэмших, өмчлөх, арилжаалах, хөрөнгө оруулах, шинийг санаачлах зэрэг амьдрал ахуйн үйл ажиллагаагаа тодорхой бөгөөд тогтвортой хууль дүрмийн хүрээнд, төрийн шууд нөлөөгүйгээр шийдвэрлэх боломж юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр хийсэн хөдөлмөр, байгуулсан гэрээ, оруулсан хөрөнгө маргааш гэнэтийн хууль журам, хориг, шалгалтаар өөрчлөгдөхгүй байх гэсэн итгэлцлийн орчин. Энэ итгэлцэл нь өмчийн эрх найдвартай хамгаалагддаг, сайн дурын солилцоо саадгүй явагддаг, зах зээлд нэвтрэх боломж нээлттэй, өрсөлдөөн шударга, мөнгө санхүүгийн орчин урьдчилан таамаглахуйц, төрийн оролцох хэмжээ зохистой хязгаарлагдсан үед л бий болдог.
Гэхдээ эдийн засгийн эрх чөлөөг олонтоо андуурч ойлгодог шиг “төргүй байх эсвэл төр сул дорой байх” гэсэн утга огт биш. Эсрэгээрээ хууль дээдэлдэг, хэмжээ хязгаараа тогтоож чаддаг, хариуцлага хүлээдэг төрийн тухай ойлголт юм. Мөн эдийн засгийн эрх чөлөө нь давуу эрхтэй цөөнхийн дураараа авирлах эрх чөлөө ч биш. Хэрэв лиценз, газар, зээл, төрийн худалдан авалт, шүүхийн шийдвэр нь цөөн бүлгийн ашиг сонирхолд үйлчилдэг бол тэр нь эрх чөлөө бус харин клиенталист, непотист дарангуйлал юм.
Эдийн засгийн эрх чөлөө тулхтай хөгжлийн үндэс болох нь
Эдийн засгийн эрх чөлөө нь ямар ч үнээр хамаагүй өсөлтийг шүтэх хандлага биш, харин тэгш эрх, сонголт, тогтвортой байдлын тухай ойлголт бөгөөд эдийн засгийн өсөлт ихэнх тохиолдолд түүний үр дагавар болж гарч ирдэг. Өөрөөр хэлбэл эрх чөлөөний зорилго нь өсөлт биш, харин тулхтай өсөлтийн суурь нь эдийн засгийн эрх чөлөө юм. Энэ зүй тогтол нь хүний хүсэл зориг, ахуйн харилцааны мөн чанараас үүдэлтэй болохыг эдийн засгийн философид авч үздэг. Ингэж үзэх гол үндэс нь хүнийг зорилготой, хариуцлага хүлээх чадвартай ёс зүйн субъект гэж үзэх философийн ойлголт дээр тогтдог. Сонгодог либерал үзлээр хувь хүн нь өөрийн хөдөлмөрийн үр шимийг хүртэх, хийсэн сонголт буюу шийдвэрийнхээ үр дагаврыг өөрөө үүрэх, амьдралаа өөрийнхөөрөө төлөвлөх чадвартай эрхэм оршихуй. Тиймээс эдийн засгийн эрх чөлөө нь хүнийг төрийн халамжийн “объект” бус, өөрийн амьдралын эзэн гэж хүлээн зөвшөөрдөг. Хэрэв төр хүний бүтээсэн үр ашгийг дур мэдэн хурааж, чиглүүлж эхэлбэл тухайн хүн хариуцлага үүрэх боломжгүй болж, бодит утгаараа чөлөөтэй байж чадахгүй.
Эндээс өмчийн эрх хэмээх институцийн шинжтэй чухал ойлголт гарч ирнэ. Өмчийн эрх гэдэг нь зөвхөн эд хөрөнгийг хамгаалах тухай бус, харин хүний цаг хугацаа, хөдөлмөр, эрхэм чанарыг хамгаалах механизм. Өмчийн эрх сул бол гэрээ утгагүй бол, гэрээ утгаа алдахад итгэлцэл үгүй болно, итгэлцэлгүй бол зах зээл оршин тогтнох боломжгүй. Иймээс эдийн засгийн эрх чөлөө нь өмч хөрөнгийг “шүтэх” тухай бус, хүний эрхийг тогтвортой, урьдчилан таамаглахуйц институцаар баталгаажуулах тухай тулгуур ойлголт болж байна.
Эдийн засгийн эрх чөлөөний өөр нэг суурь асуудал бол төр эдийн засагт хэр хэмжээнд, хэрхэн оролцох ёстой вэ? гэсэн асуулт. Төр аль салбар “зөв”, хэн бизнес эрхлэх “эрхтэй”, аль үнэ “шударга” гэдгийг тогтоож эхэлбэл өөрийгөө нийгмийн ёс суртахууны дээд шүүгч болгож хувиргана. Улмаар эрх чөлөөг боомилж үр дүнд тулхтай хөгжил үгүй болно. Эдийн засгийн эрх чөлөө нь төрийг үгүйсгэдэггүй, харин төрийг зорилго биш хэрэгсэл гэж үзэж, түүний хязгаарыг тодорхой тогтоохыг шаарддаг.
Эцэст нь, эдийн засгийн эрх чөлөө тэгш боломж ба тэгш үр дүнг ялгаж салгаж ойлгохыг шаарддаг. Хууль, боломжийн өмнөх тэгш байдал зайлшгүй ч, үр дүнг албадан тэгшитгэх оролдлого нь урамшуулал, хариуцлага, бүтээмжийг устгаж, эцэстээ эрх чөлөөг өөрийг нь үгүйсгэнэ. Төр үр дүнг хүчээр тэгшитгэх тусам хүмүүсийн сонголт, хариуцлага багасаж чөлөөт эдийн засгийн амин сүнс болох бүтээлч сэдэл мохдог.
Тинк Монгол Индэрийн нийтлэлүүдэд тусгагдсан аливаа үзэл бодол, санал, дүгнэлт нь зөвхөн нийтлэлчийнх бөгөөд Тинк Монгол Институтийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй болно.




