detail-cover-img

Супер үндэстэн бүтээх хүсэл

Монгол Улс хүүхэд рүү хангалттай хөрөнгө оруулдаггүй гэвэл хэтрүүлсэн болохгүй. Бид сүүлийн жилүүдэд ДНБ-ийхээ дөнгөж 5 орчим хувь, улсын төсвийнхөө 15 орчим хувийг хүүхдийн бодлогод зарцуулж байна. Үүнд сургууль, цэцэрлэгийн бүх зардал, хүүхэд хамгааллын үйлчилгээ, салбарын ажилчдын цалин, урсгал зардал, хүүхдийн мөнгө зэрэг багтдаг. Гэхдээ төсөв өссөн ч хүүхдэд хүрч буй үйлчилгээний чанар, хүртээмж мэдэгдэхүйц сайжраагүй гэсэн дүгнэлтийг хэд хэдэн тайланд онцолсон байна. 

НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2023 оны судалгаагаар Монголын хүүхдүүдийн 81 хувь нь зөвлөмжөөс бага жимс, хүнсний ногоо хэрэглэдэг ба хөдөө орон нутгийн сургуулиудын ердөө 48 хувь нь цэвэршүүлсэн усаар хангадаг. Мөн түүнчлэн 2021 оны байдлаар улсын хэмжээнд 5-17 насны зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд 15-17 насны хүүхдүүд барилга, уул уурхайн зэрэг аюултай салбарт түлхүү ажиллаж байгаа нь ноцтой асуудал юм. Харин хувийн хэвшлийн хувьд хүүхдийн сайн сайхан, боловсрол, эрүүл мэндийн төлөө хийх хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмждэг олон улсын сайн туршлага улам нэмэгдэж байхад эсрэгээр нь манайд компаниудын ихэнх нь нийгмийн хариуцлагын жижиг төсөл хийх төдий, хэмжээ нь ч бага хэвээр байна. Зах зээлд даатга гэдэг, зах зээлд даатгасан 30 жилд хүүхдэд зориулсан бизнес, үйлчилгээ тунаж үлдэхгүй байгаа нь харагдаж байна. Жилийн тэн хагас нь шахам хүйтэн сэрүүний улиралтай атлаа яагаад гадаа байдаг шиг дотор тоглоомын талбай байдаггүйн жишээнээс л харахад ойлгомжтой. Эргэн тойронд хүүхдийн нэрээр эхэлсэн үйлчилгээний газрууд мөдхөн ашгаа хөөн гоо сайхны газар, караоке болж хувирах юм. Тэгэхээр зах зээлд найдалтгүй нь, бидэнд зах зээлийг татан оролцуулах хөшүүрэг хэрэгтэй аж.

Дэлхийн ихэнх улс бодлогоо хүнээ төвд нь тавьж, хүүхдэд хөрөнгө оруулалт хийснээр эх орныхоо ирээдүйн хүчийг бэлтгэх өрсөлдөөнд оржээ. Өнөөдөр “супер үндэстэн” бэлтгэх уралдаан бодит өрсөлдөөн болж байна. Маш олон орнууд хүүхдийн асуудлыг, хүүхдэд оруулах хөрөнгө оруулалтыг бүхнээс урьтал болгон эрэмбэлж байгааг онцолмоор байна. Эхлээд хүүхдэд зориулж төсөвлөөд үлдсэнийг нь бусад хэрэгцээнд зарцуулж байна гэсэн үг.

Хэдэн жишээ дурдъя:

  • Япон улс хүүхэд, гэр бүлд хамаарах 25 чиг үүргийг яаман дотроос татан авч, Кедомо нэртэй нэг яаманд төвлөрүүлэв. Ингэснээр Засгийн газрын бүх бодлого, үйлчилгээ хүүхэд ээлтэй байх зорилтод шилжсэн. Хүүхдийн асуудлыг тэд эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт, аюулгүй байдлын асуудалтай эн зэрэгцэх тэргүүний асуудал гэж зарлажээ.
  • Шинэ Зеланд жил бүрийн төсвөө боловсруулахдаа хүүхдэд эерэг нөлөөтэй төслүүдэд оноо нэмдэг, давуу эрх олгодог систем нэвтрүүлжээ. Хүүхдийн дэд бүтэц, орчин бүрдүүлэх бүтээн байгуулалтыг шууд дэмждэг.

Эдгээр бодлого нь нэг зорилготой:

Ирээдүйн супер үндэстнээ өнөөдөр бэлтгэх. Хүүхэд бүр бол улс орны стратегийн хөрөнгө.

Хүүхдэд ямар эрэмбээр хөрөнгө оруулдаг вэ?

Хүүхдийн эрхийг нийтээр нь дөрвөн түвшний шаталбартайгаар ойлгож болно. Xамгийн суурь амьд үлдэх эрх нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хоол тэжээл, ундны ус, орон байр, төрсний бүртгэл зэрэг үндсэн хэрэгцээг хангаж амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг; үүний дараагийн хөгжлийн эрх нь боловсрол, эрт үеийн хөгжил, тоглох ба цэнгэх, амрах, хөгжих боломж, мэдээлэл авах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх зэрэг тэдний оюун ухаан, бие бялдар, сэтгэл зүй, нийгмийн бүрэн хөгжлийг хангадаг; гуравдугаар түвшний хамгаалах эрх нь хүчирхийлэл, мөлжлөг, ялгаварлан гадуурхалт, айлгалт, хөдөлмөрийн мөлжлөг, бэлгийн хүчирхийлэл зэрэг бүх төрлийн хор хөнөөлөөс хамгаалах аюулгүй орчныг бүрдүүлдэг; хамгийн дээд түвшний оролцооны эрх нь хүүхэд өөрийн санал бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргалтад оролцох, сэтгэх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг хангаж, тэднийг бүрэн эрхт иргэн мэт хүндэтгэх зарчим дээр суурилдаг.

Өнөөдөр ангид хэдэн хүүхэд суух тухай ярьж буй манай улс аль түвшинд хөрөнгө оруулж байгаа нь харагдах байх.

Бид юу хийх ёстой вэ?

1. Улсын Их Хурал: Бодлогын тогтолцооны шинэчлэл

  • Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн эрэмбэлэх шалгуурыг шинэчилж, хүүхэд рүү чиглэсэн төсөлд оноо нэмэх, давуу эрх олгох;
  • Монгол хүүхэд төрөхөөс 18 нас хүртэлх хэрэгцээний үндэсний стандарт, хүртээмжийн зураглалыг баталж, эх үүсвэрийг хуульчлах, ялангуяа хувийн хэвшлийн хүүхдэд зориулсан дэд бүтцийн санаачилгыг дэмжих эрхзүйн орчныг бүрдүүлэх;
  • Хүүхдийн бодлогын мандат, чиг үүргийг тодорхой болгож, хоорондын уялдаа холбоог сайжруулах;
  • Шинэчилсэн бодлогын хүрээнд шинэлэг санхүүжилтийн хэрэгслүүдийг (social impact bond, blended finance, хүүхэд төвтэй хөрөнгө оруулалтын сан гэх мэт) хуульчлах;
  • Хүүхэд төвтэй контент (эх оронч үзэл, хэлний хөгжил, тэгш эрх, цахим эрсдэлээс хамгаалах мэдлэг) санхүүжүүлэх тогтолцоо бүрдүүлэх.

2. Засгийн газар: Хүүхэд төвтэй бүтээн байгуулалтыг өргөх

  • Хүүхдийн орчныг дэмжих стандарт бий болгож, хотхон, сургууль, орон сууцны төлөвлөлтөд хүүхдийн тоглоомын талбай, дугуйлангийн заал, спортын танхим, хөгжлийн төвийг заавал багтаах;
  • Дэд бүтэц, ногоон зурвасын хүртээмжийг газрын зургаар гаргаж, алслагдсан хэсгүүдэд тэгшитгэн нэмэгдүүлэх;
  • Хүйтний улиралд ашиглагдах дотор тоглоомын талбай, спортын заалны стандарт гаргаж, хувийн хэвшилд дэмжлэг үзүүлэх;
  • Одоо байгаа тоглоомын талбайн стандарт, аюулгүй байдал, хүртээмжид анхаарал хандаж, стандартыг баримтлуулах;
  • Хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, аюулгүй орчны бодлогыг нэгтгэсэн “Хүүхдэд ээлтэй хот–сум” хөтөлбөр хэрэгжүүлэх.

3. Хувийн хэвшил: Хүүхдийн сайн сайхан руу чиглэсэн бодит хөрөнгө оруулалтын систем

  • Хувийн хэвшил нь Тогтвортой хөгжлийн тайландаа нийгмийн үзүүлэлтдээ хүүхэд рүү чиглэсэн дэд бүтэц, хөрөнгө оруулалт, эцэг эхийн ажиллах цагийн уян хатан байдал зэргийг харгалзан оруулах;
  • Хүүхэд рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг зөвхөн нийгмийн хариуцлагын хүрээнд биш утга учиртай, жинтэй бүтээн байгуулалт болгох;
  • Дугуйлан, секц, STEM лаборатори, спортын заал, баяжуулсан хоол хүнсний шугам, хөгжлийн төвүүдийг дэмжих.

Супер үндэстэн болохын тулд бид өнөөдөр нэг том асуулттай нүүр тулж байна:

Бид ирээдүйд Монгол хүүхдүүдийг хаа нэг улсын улирлын ажилчин болгох уу, эсвэл оюун санаа, эрдэм мэдлэг, бие бялдрын өв тэгш хөгжилтэй, дэлхийн мэдлэгтэй, зорилготой, хаттай супер бүтээмжтэй иргэд болгох уу? Өнөөдрийн түвшинд бид зөвхөн “сургуульд сургах эрх, эмчлүүлэх боломж” ярьж суугаа нь үнэндээ хангалтгүй. Монгол хүүхдийг цогц орчин, зөв хөгжлийн экосистемд торниулахын тулд хийх ажил бидэнд маш их байна.


Тинк Монгол Индэрийн нийтлэлүүдэд тусгагдсан аливаа үзэл бодол, санал, дүгнэлт нь зөвхөн нийтлэлчийнх бөгөөд Тинк Монгол Институтийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй болно.

Төстэй нийтлэлүүд