
Үүсэл
Дэлхийн 2-р дайны үед цэрэг дайны стратеги, төлөвлөгөөг ярилцаж хэлэлцэх аюулгүй найдвартай газрыг “Тинк Танк” гэж нэрлэдэг байж. Улмаар дайны дараа хэрэглээ нь бага зэрэг өөрчлөгдсөөр 1950-аад оноос бодлогын судалгааны институтүүд өөрсдийгөө тинк танк гэж нэрлэх болжээ. Ингээд бодохоор маш шинэ нэршил, ойлголт юм.
“Think Tank”-г шууд махчлаад орчуулбал “Санааны Танк” болой. Ердөөсөө л янз бүрийн санаа оноо, санаачилга, үзэл бодлыг агуулдаг танк буюу байгууллагыг хэлж буй.
Тинк танкын үндсэн зорилго
Тинк танкыг уламжлалт судалгааны институтийн хөгжлийн дараагийн шат гэж ойлгож болно. Тинк танкын үндсэн зорилго нь бодлогын судалгаанууд хийж үүндээ түшиглээд бодлогын олон төрлийн шийдэл, санаачилгыг гаргаж улмаар бодлого боловсруулахад эергээр нөлөөлөх зорилготой. Өөрөөр хэлбэл зүгээр судалгаа хийгээд орхих биш судалгааныхаа дүгнэлт, санал зөвлөмжийг бодлогод тусгахын төлөө нөлөөллийн янз бүрийн ажлыг санаачилж хийх юм.
Тинк танкын төрлүүд
Тинк танк нь үүсэл, зорилгоосоо хамаараад олон төрөл байдаг. Тухайлбал:
1. Засгийн газартай холбогдсон (Government-affiliated)
Засгийн газрын байгууллагын дэргэд эсвэл албан ёсоор түүнийг дэмжин ажилладаг бодлогын судалгааны төвүүд. Тэдний судалгаа нь ихэвчлэн төрийн бодлого боловсруулахад ашиглагддаг.
Жишээ:
- БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төв
- АНУ-ын Конгрессын Судалгааны Алба (CRS)
Монголд харин Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн гэж бий.
2. Улс төрийн намын дэргэдэх (Political-party-affiliated)
Тодорхой улс төрийн нам эсвэл үзэл баримтлалд уялдаж намын бодлогын хөтөлбөрт нийцсэн санал, судалгаа боловсруулдаг тинк танкууд:
- Конрад-Аденнауэр Сан - Германы Христосын Ардчилсан Холбоо Намын дэргэдэх
- Фридрих-Эберт Сан - Германы Социал Демократ намын дэргэдэх
Манайд Монгол Ардын Намын дэргэд тинк танк буюу бодлогын судалгааны хүрээлэн байдаг ч идэвхтэй үйл ажиллагаагүй. Харин Ардчилсан нам болон ХҮН нам дэргэдэх тинк танкаа одоо байгуулж байна.
3. Их сургуулийн дэргэдэх (University-affiliated)
Их сургуульд харьяалагддаг, эсвэл тэдгээртэй нягт хамтран ажилладаг бодлогын судалгааны төвүүд. Ихэвчлэн илүү академик талдаа байдаг бөгөөд багш, оюутнуудын нөөцийг ашигладаг:
- Стэнфордын их сургуулийн Хувер институци (Hoover Institute)
- Харвардын Белферийн төв (Belfer Center)
4. Компанийн дэргэдэх (Corporate-affiliated)
Орчин үед томоохон компаниуд дэргэдээ тинк танк байгуулж байна. Гол зорилго нь зах зээл, бизнес, технологи болон хувийн хэвшилд нөлөөлөх бодлогын асуудлаар судалгаа хийдэг:
- McKinsey Global Institute
- IBM Institute for Business Value
5. Хараат бус (Independent / Non-affiliated)
Засгийн газар, нам, их сургууль, корпорациас хараат бус, ихэвчлэн ашгийн бус хэлбэртэй бодлогын судалгааны байгууллагууд. Санхүүжилт нь хандив, буцалтгүй тусламж, сангуудаас бүрддэг:
- Brookings Institution
- Carnegie Endowment for International Peace
Тинк Монгол нь энэ ангилалдаа орох юм. Өөрөөр хэлбэл, Тинк Монгол нь ашгийн бус, хараат бус бодлогын судалгааны институт юм.
Орчин үеийн трэнд
Тинк танк нь харьцангуй шинэ ойлголт хэдий ч орчин үеийн хөгжил, дэвшилд нийцэн хурдтай хөгжиж буй. Үүний дагуу тинк танкууд хэд хэдэн чиглэл рүү хөгжиж буй. Тухайлбал:
- Think-and-Do Tank: Судалгааны үр дүн, зөвлөмжийг хэрэгжүүлэхээр зорьдог буюу гүйцэтгэл, бодит нөлөөлөл дээр давхар ач холбогдол өгдөг;
- Do Tank: Шийдлүүдийг шууд хэрэгжүүлж эхэлдэг;
- Data Tank: Их өгөгдөл, шинжилгээ болон хиймэл оюун ухаанд тулгуурлан нийтийн бодлогын шийдлүүдийг боловсруулдаг;
- Impact Tank: Аливаа нийгэм, эдийн засгийн бодлогын үр нөлөөг хэмжих дээр фокусладаг.
Тинк Монголын хувьд Think-and-Do Tank төрлийнх буюу бид хийсэн аливаа судалгааны үр дүн, зөвлөмжийг бодит үр дүнд хүргэхийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулах юм.

Тинк Монголын зорилго…
Тинк Монголын зорилго бол Монголд хараат бус тинк танкыг зөвөөр хөгжүүлэх юм. Улмаар Монголын хөгжлийн дараагийн шатанд гарахад хэрэгтэй аливаа бодлогын судалгаанууд хийж, санал санаачилгыг тогтмол гаргаж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, нийгэмд бодлогын хэлэлцүүлгүүд өрнүүлнэ.
Жич, дараагийн нийтлэлээр Тинк Танк нь яагаад чухал болохыг тайлбарлана.




