
2026 оны төсвийн төслийг Засгийн газраас өргөн барилаа.
Тус төсөлд зарлага өмнөх оныхоос нэмэгдэж нийт ₮33 их наяд төгрөг болохоор туссан бол орлого ₮31.6 их наяд гэж тооцжээ. Энэ нь ДНБ-ийн 1.3%-ийн алдагдалтай төсөв гэсэн үг бөгөөд үүнийг Засгийн газрын гадаад хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр бүрэн санхүүжүүлнэ хэмээн төлөвлөсөн байна.
Энэхүү бодлогын тоймд тус 2026 оны төсвийн төслийн онцлох өөрчлөлтүүд, төсвийн тооцооллын оновчтой байдал болон богино, дунд хугацаанд тулгарч болох бодит эрсдэлүүдийн талаар танилцууллаа. Төсвийн тооцоолол нь нүүрсний үнэ, экспортын хэмжээ, эдийн засгийн өсөлт зэрэг хүчин зүйлсээс хүчтэй хамааралтай байгаа нь дэлхийн түүхий эдийн үнэ унах, эрэлт саарах, эдийн засгийн өсөлтийн хурд буурах үед том эрсдэл дагуулах аюултай аж.
Cүүлийн жилүүдэд төсвийн хэт тэлэлт огцом явагдсан
$60-$80-т зарж байсан чулуун нүүрсний үнэ цойлж 2021 онд $176, 2022 онд $205-т хүрсэн нь дараагийн жилүүдэд нь өндөр орлого, түүнийг дагасан өндөр зарлага төсөөлөх шалтгаан болов. Түүхий эдийн үнийн өөдрөг төсөөлөл, УИХ-ын сонгуулийн мөчлөг давхцаж, 2024 онд ₮30 их наяд зарлагатай төсвийг баталсан.
Гэвч 2022 онд $205 хүрч байсан нүүрсний хилийн дундаж үнэ жил бүр ойролцоогоор 30% суларсаар 2025 оны 8 сард $68-т хүрээд байгаа ч улсын төсвийн зарлага түүхэн дээд түвшиндээ хадгалагдсаар байна.
Бодлогоор нэгэнт өсгөсөн зарлага дараа, дараагийн жилүүддээ ч хэрэгжиж, зардлын өсөлтийг улам нэмэгдүүлдэг. Төсвийн орлого харьцангуй хэлбэлзэл өндөртэй байдаг бол зарлагыг огцом бууруулах боломж эдийн засгийн болоод улс төрийн үүднээс тун хүндрэлтэй байдаг. Иймд төсвийн орлого хурдтай нэмэгдсэн үед зарлагаа дагаж өсгөх нь хожим орлого буурахад төсвийн алдагдал болж хувирах эрсдэлтэй.

Бид орлогоо дахин өөдрөг төсөөлсөн үү?
2026 онд НДШ, ОАТ, НӨАТ нийлээд төсвийн орлогын ойролцоогоор 73%-ийг бүрдүүлэхээр байгаа бол нийт татварын орлого төсвийн орлогын 94%-ийг бүрдүүлэхээр болоод байна. Орлогын бүрдэл дундаас хамгийн савлагаа өндөртэй хэсэг нь АМНАТ-ын орлого байдаг бөгөөд төсвийн орлогын 13%-ийг дангаараа бүрдүүлж буй тус орлогын тооцоололд эрдэс бүтээгдэхүүний үнийн төсөөлөл, биет хэмжээний төсөөлөл, дэлхийн түүхий эдийн эрэлт, тэр дундаа БНХАУ-ын эдийн засгийн идэвхжил чухал нөлөө үзүүлнэ.

2025 оны төсөвт тодотгол хийсэн шалтгаан нь нүүрсний үнийн өөдрөг төсөөлөлтэй холбоотой гэж хэлж болно. 2026 онд ч мөн адил нүүрсний үнэ ба биет хэмжээний төсөөлөл өөдрөг байж болзошгүй.
Тулгарч буй эрсдэлүүд
1. Эдийн засгийн өсөлтөд тулгарч болзошгүй эрсдэлүүд
- Дэлхийн эдийн засгийн эргэн тойронд тодорхой бус байдал өндөр хэвээр байна. Тухайлбал олон улсын судалгааны байгууллагуудын төсөөллөөр БНХАУ-ын 2026 оны эдийн засгийн өсөлт 2025 оноос бага байгаа нь Монгол эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг сануулж байна.
- Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд гэнэтийн шок тохиох эрсдэл өндөр байна. Тус салбарын үйлдвэрлэл буурснаар эдийн засгийн өсөлтийг удаашруулах, инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй билээ. 2025 оны инфляцын голлох шалтгаан махны үнэ байв.
- 2026 онд Номад бондын 176 сая ам.доллар, 2027 онд Сенчири-1 бондын 420 сая ам.долларыг төлөх хүлээлттэй байгаа нь нүүрсний үнийн үргэлжилсэн уналттай энэ цаг үед ханшинд давхар дарамт болох эрсдэлтэй байгаа тул дахин санхүүжилтийн арга хэмжээг эрт хэрэгжүүлэх шаардлагатай байна.
2. Төсвийн орлого төвлөрөхгүй байх эрсдэл
- Эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого буурч, эдийн засгийн өсөлт саарч, хувийн хэвшлээс цугларах татварын орлого буурснаар төсвийн тусгай шаардлага хангагдахгүй байх нөхцөл бүрдэж, дахин тодотгол хийх эрсдэл үүснэ.
- Бид жилдээ 70-80 сая тонн нүүрс гаргадаг болоод байгаа тул нүүрсний үнэ ердөө 1$-оор л унахад жилдээ 80 сая ам.доллар буюу ₮290 тэрбум бодит алдагдал хүлээнэ.
- Дэд бүтэц, төмөр замын холболтоо сайжруулж, гэрээ хэлцэл сайн хийхгүй бол хилээр гаргаж чадаагүй 1 сая тн нүүрс тутмаас 68 сая ам.доллар (2025.08 сарын хилийн үнэ) буюу ₮243 тэрбум алдах юм.
3. Мөчлөг дагасан эрсдэл
- Эдийн засгийн өсөлтийн хурд саарсан, нүүрсний үнийн уналт үргэлжилсэн энэ үед инфляц өндөр хэвээр байгаа нь төсвийн тэлэх бодлого явуулах орон зайг олгосонгүй. Улмаар эдийн засгийн уналтын үед эдийн засгийг сэргээх бодлого явуулах боломж хомс байгаа нь мөчлөг дагасан төсвийн бодлогын хэв шинжтэй байна.
- Олон нийтийн шахалтад баригдан төсвийг зохиож байгаа нь төсвийн бодлогын хараат байдалд ноцтой хор уршигтай зүйл юм.
- Бид төсвийн тусгай шаардлагадаа бүтцийн алдагдлын тооцооллыг нэвтрүүлж мөчлөгт уян хатан болгох шаардлага бий.
Тинк Монгол Институт дараа дараагийн ажиллууддаа 2026 оны төсвийн төслийн гүнзгийрүүлсэн шинжилгээ болон төсөвтэй холбоотой бусад чухал асуудлуудыг онцлон хөндөнө.




