
Монголын эдийн засаг 2025 онд 6.8% өсөж, Ази тивийн хамгийн өндөр өсөлттэй орнуудын нэгээр тодорч буй. Казахстан (6.5%), Хятад (5.0%), Япон (1.1%) зэрэг улсуудтай харьцуулахад энэ нь цаасан дээрх амжилт мөн боловч иргэдийн амьдралд бодит өөрчлөлт мэдрэгдэхгүй байгаа нь гашуун үнэн.
Яагаад ДНБ өссөн ч иргэдийн амьдрал сайжрахгүй байна вэ?
Тоон үзүүлэлтийн цаадах бодит төрх
Бид нэг зүйлийг ойлгох ёстой: ДНБ өссөн нь хүн бүр баяжсан гэсэн үг биш. ДНБ нь улсын хэмжээнд бүтээгдсэн эцсийн бараа үйлчилгээний зах зээлийн үнийн дүн болохоос биш, тэр баялаг иргэдийн гар дээр хэрхэн очиж буйг харуулдаггүй.
6.8% өсөлт яагаад бидэнд мэдрэгдэхгүй байна вэ?
1. Малчид баяжсандаа биш, зөвхөн алдагдлаа нөхсөн
Хөдөө аж ахуйн салбар өмнөх жилийн зудаас сэргэж байгаа нь эдийн засгийн тоог өсгөж буй гол хүчин зүйл. Энэ бол малчдын халаасанд шинээр орсон баялаг биш, харин хүлээсэн хохирлоо дөнгөж нөхөж, хөл дээрээ босох гэж хичээж буй үйл явц юм.
2. Уул уурхайн салбарын өсөлт цөөхөн хүнд л шууд хүрч байна
Уул уурхай сүүлийн үед ДНБ-ий 30%-ийг бүрдүүлж буй ч 100 хүн тутмын ердөө 6 нь л энэ салбарт ажилладаг. Түүнчлэн 2025 онд нүүрсний экспорт саарахад зөвхөн уурхайчид биш, тээврийн жолооч, засварчид, туслах ажилтнуудад хүндээр туссан.
3. Инфляц бодит орлогыг бууруулсан
2025 онд инфляц тогтмол 8%-аас дээш түвшинд хадгалагдсан нь цалингийн нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмжийг "идэж", иргэдийн бодит орлогыг үнэгүйдүүлэн, худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж буй.
Хэдий нүүрс, зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч эдийн засаг өссөн ч иргэдийн амьдрал дээшлэхгүй байгаа нь хүртээмжтэй өсөлтийг бий болгож чадаагүй бодлогын алдаа юм. Өсөлтийн үр шим нь зөвхөн цаасан дээр макро үзүүлэлт болоод өнгөрөх бус, иргэн бүрийн амьдралын чанарт (бодит орлого, ажлын байр) нөлөөлөх ёстой.
Уул уурхайд суурилсан өсөлт нь нийгмийн цөөнх хэсэгт л шууд мэдрэгддэг онцлогтой. Төр засаг төвлөрсөн орлогыг хүртээмжтэй өсөлт рүү оновчтой чиглүүлж чадахгүй байгаа нь иргэдийн амьжиргаа бодитоор дээшлэхгүй байгаагийн гол шалтгаан юм.
"Хүртээмжтэй өсөлт" гэж юу вэ?
Хүртээмжтэй өсөлт гэдэг нь бэлэн мөнгө “тэгш” тарааж, инфляцыг хөөрөгдөх биш харин нийгэм, эдийн засгийн ихэнх оролцогч талуудын эдийн засгийн нөхцөл байдал, бүтээмж сайжирсны үр дүнд үүссэн эдийн засгийн өсөлтийг хэлнэ.
Өөрөөр хэлбэл:
- Өрхийн бодит орлого нэмэгдэх: Цалин, тэтгэвэр инфляцад идэгдэхгүй, худалдан авах чадвар бодитоор өсөх.
- Чанартай ажлын байр нэмэгдэх: Зөвхөн уул уурхай гэлтгүй бусад салбарт бүтээмж өндөр, тогтвортой ажлын байр олон бий болох.
- Боломжийн тэгш хүртээмж: Гарал үүсэл, орлого, байршлаас үл хамааран хүн бүрд тэгш боломж олгогдох.
Бусад улс орон хэрхэн эдийн засгаа хүртээмжтэй өсгөж байна вэ?
Бусад улсууд эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүртээхийн тулд дараах загваруудыг ашиглаж буй:
1. Казахстан, Узбекистан улсуудын гарааны бизнесийн орчин
Төв Азийн бүс нутагт Казахстан, Узбекистан улсууд инновац болон гарааны бизнесийн (startup) салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгож буй. Тухайлбал Казахстан улс эдийн засгийн уул уурхайгаас хамааралтай байдлыг бууруулахын тулд инноваци, энтрепренершип, ялангуяа венчур капитал (VC) болон хөрөнгийн зах зээлийн экосистемийг эрчимтэй хөгжүүлж эхэллээ. Казахстан “Astana Hub” технологийн паркаараа дамжуулан гарааны бизнесүүдэд татварын онцгой хөнгөлөлт үзүүлж технологийн салбарт шинэ ажлын байр, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдлэгт суурилсан хүртээмжтэй эдийн засгийг цогцлоож буй.
2. Норвеги улсын Тэтгэврийн сан
Норвеги улс нь Тэтгэврийн сангаараа (GPFG) дамжуулан газрын тосны орлогоо зөвхөн олон улсын зах зээлд хөрөнгө оруулж, ирээдүйд хуримтлуулан, эдийн засгийн тогтвортой байдлыг хангадаг. Мэргэжлийн, хараат бус хөрөнгө удирдлага нь Норвегийн баялгийг тогтвортой арвижуулж, үе хоорондын шударга байдлыг хангаж буй.
3. Дани улсын сэргээгдэх эрчим хүчний салбар
Дани улс сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлэх замаар эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг эрчимтэй дэмждэг. Тус улс нийт цахилгаан эрчим хүчнийхээ 50 гаруй хувийг салхи болон нарны эх үүсвэрээс хангаад зогсохгүй, энэхүү салбарт олон ажлын байрыг шинээр бий болгожээ. Дани улсын салхины эрчим хүчний салбарын амжилтын нууц нь орон нутгийн иргэд салхин станцуудаас шууд ашиг хүртэж, төслийн эзэн болох боломжийг бүрдүүлсэнд оршдог.
Монголд эдийн засгийн хүртээмжтэй өсөлт бий болгохын тулд төр ямар үүрэг хүлээх вэ?
Хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд, уул уурхайн ашгийг ашиглан таатай "хөрс"-ийг бэлдэх нь төрийн гол үүрэг болоод буй. Ингэхдээ төр, ард иргэд бизнесүүдэд бэлэн мөнгө тараахаас зайлсхийж мөн өөрөө хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх бус харин тэднийг дэмжиж, хууль дүрмийг сахиулахад анхааран ажиллах ёстой юм.
Хүртээмжтэй өсөлт бий болгохын тулд уул уурхайн орлогыг дараах 3 чиглэлд зарцуулах шаардлагатай:
- Хүний капиталд хөрөнгө оруулах: Чанартай боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлснээр иргэн бүрд өөрийгөө хөгжүүлэх тэгш боломж нээгдэнэ.
- Дэд бүтцийн шинэчлэл: Дэд бүтэц бол эдийн засгийн бүх салбарын өсөлтийн суурь үндэс юм. Зам тээврийг хөгжүүлж, эрчим хүчний реформыг зоригтой хийх нь өсөлтийн шинэ боломжуудыг авчрах аж.
- Засаглалын чанарыг дээшлүүлэх: Төр хууль, дүрмийг тогтвортой, тэгш хэрэгжүүлж, эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Үүний тулд авлигатай тууштай тэмцэж, хариуцлага болон ил тод байдлын механизмыг бэхжүүлэх нэн шаардлагатай.




