detail-cover-img

Монгол дахь татаасны бодлого, нөхцөл байдал

Татаасны бодлогын зорилго нь чухал бараа, үйлчилгээг нийгэмд хүртээмжтэй болгох, үйлдвэрлэлийг дэмжих, тэгш бус байдлыг бууруулахын тулд эмзэг бүлэгт чиглэсэн дэмжлэг үзүүлэхэд оршино. Мөн зах зээлийн гажуудлыг бууруулах, шинэ салбарыг дэмжих, бараа бүтээгдэхүүний үнийг бага байлгахад татаас чиглэдэг.

Монголын хувьд дараах зорилгуудын хүрээнд салбаруудад татаас олгож байна:

  • Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд нийтийн тээврийн алдагдлын татаас;
  • Утааг бууруулах, зорилтот бүлгийг дэмжих үүднээс шөнийн тарифын хөнгөлөлт, нүүрсний татаас;
  • Өрх, ААН-үүдийн хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих үүднээс эрчим хүч, дулааны татаас;
  • ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, эрэлтийг хангах үүднээс Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих татаас зэргийг олгодог аж.

Татаасны зардал жилд дунджаар 26% өсдөг: 

2008 онд төсвөөс олгосон нийт татаасны хэмжээ ₮73 тэрбум байсан бол үүнээс хойш жилд дунджаар 26%-аар өссөөр 2024 оны эцэст ₮955 тэрбумд хүрчээ. Татаасны дундаж өсөлт ихээхэн өндөр байгаа хэдий ч хүртээмж, бүтээмж, зорилгын биелэлт тус түвшинд хангагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй.

Татаасны бодлогод улс төрийн амлалт, популизм өндөр нөлөөтэй байж болзошгүй:

 2009–2024 онуудын хооронд татаасны зардал сонгуулийн жилүүдэд дунджаар 55%-аар өссөн бол сонгуулийн бус жилүүдэд 17%-аар өсжээ.

  • Дээрх дүнгээс харахад татаас нь тогтвортой бодлогоос гэхээс илүүтэй улс төрийн гэнэтийн шийдвэрээс хамаардаг байж болзошгүй дүр зурагтай байна. Эсвэл салбарууд сонгуулийн жилүүдэд л түлхүү илүү их хэмжээний татаас авах хүнд цохилтод ордог нь гэнэтийн тохиолдол уу?

Салбаруудад тулгарч буй асуудлууд

  1. Хөдөө аж ахуйн салбар
  • Хөдөлмөр их шингээдэг ч бүтээмж маш багатай, татаас тус салбарын бүтээмжийг дэмждэггүй;
  • Бусад салбартай харьцуулахад улс төрийн популист амлалтаар татаас өсгөдөг байх өндөр магадлалтай;
  • Татаас зах зээлийн зарчмаар ажиллах, өрсөлдөх чадварыг бууруулдаг байх эрсдэлтэй;
  • Татаас зорилтот бүлэгт бүтэн хүрч буй эсэх эргэлзээтэй.

2. Эрчим хүчний салбар

  • Үйлдвэр, тоног төхөөрөмжийн насжилт өндөр;
  • Үнийг хүчээр барьдгаас шалтгаалан эрчим хүчний станцууд алдагдалтай ажилладаг тул тоног, төхөөрөмж шинэчлэх санхүүгийн боломж сул;
  • Салбарын инновац бага, хэт уламжлалт тогтолцоотой;
  • Салбарын асуудлыг дан ганц татаасаар шийдэх боломжгүй.

3. Нийтийн тээврийн салбар

  • Татаас зорилгоо биелүүлдэггүй буюу татаас нэмэгдсэн ч чанар, хүртээмж нэмэгддэггүй;
  • Татаас салбарын шинэ хөрөнгө оруулалтыг үргээдэг байх магадлалтай;
  • Компаниудын зардлын бодит тооцоо, түүнд үндэслэн олгож буй нөхөн олговор (татаас)-ын тайлан мэдээлэл байдаггүй;
  • Төр өөрөө үйлчилгээ үзүүлж, өөр өөртөө хяналтгүй, өндөр татаас олгодог.

Ийнхүү ерөнхий нөхцөл байдлыг харахад татаас өндөр өсөлттэй ба татаасны бодлогын үр дүнг тайлагнаж, үнэлдэггүйгээс татаасны хэрэгжилтийн хяналт алдагдаж, зорилгодоо хүрч буй эсэхийг дүгнэхэд бэрх байна. Тэгвэл тус салбаруудад олгогдож буй татаас хэрхэн хэрэгжиж буй, зорилгоо гүйцэлдүүлж буй эсэх талаар дараагийн нийтлэлүүдэд дэлгэрэнгүй тодруулах болно.

Бодлогын зөвлөмж

1. Ил тод байдлыг хангах

Шилэн данс болон аудитын тайланд татаас олгосон дүнг дурдсан хэдий ч тэрхүү татаас ямар сувгаар олгогдож байгаа нь тодорхойгүй.

  • Төрийн захиргааны, холбогдох чиг үүргийн байгууллагууд татаасны бодит дүнг тогтмол мэдээлдэг байх;
  • Салбаруудад олгож буй татаасны нийт дүнг зөвхөн мэдээлэх бус ямар үзүүлэлтэд үндэслэн олгосныг ил тод мэдээлэх;

Улмаар, мэдээлэл ил тод байснаар хяналт тавих, үр дүнг шинжлэх боломж бүрдэнэ.

2. Үр дүнг шинжлэх, тайлагнах 

Дүгнэлт, тайлан, хяналт дутагдалтай байх нь татаасны өртгийг үнэгүйдүүлж, төсвийн дарамтыг нэмэгдүүлж, татаасыг улс төрийн хэрэгсэл болгож ашиглах боломжийг олгох эрсдэлтэй.

  • Татаас авдаг байгууллагууд төсвөөс санхүүжилт авч буй тул өөрсдийн орлого, зарлагын тайланг нийтэлж, хяналт тавих боломжоор хангах ёстой;
  • Татаас өсөж, буурч буйг бус зорилтдоо хүрсэн үү, үр дүн гарсан уу гэдгийг үнэлж, дүгнэдэг, тайлагнадаг болох шаардлагатай байна.

3. Татаасны зохистой хэмжээг тодорхойлох

Зохистой татаасны хэмжээг тодорхойлж, эдийн засгийн тооцоолол хийхгүйгээр татаасыг хэт өсгөх нь зах зээлийн гажуудлыг бий болгож, татааснаас хараат салбаруудын бүтцийн шинэчлэлийг удаашруулж, шинэ хөрөнгө оруулалтаас зайлсхийх сэдэл болж байна. Иймд:

  • Аливаа татаасыг олгохдоо эдийн засгийн тооцоололтой, эерэг, сөрөг нөлөөг тооцож чаддаг болох шаардлагатай.
Төстэй нийтлэлүүд