
Чингис Хаан Үндэсний баялгийн сан нь Монголд тогтвортой, урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих, уул уурхайн үр өгөөжийг үе үеийнхэнд тэгш хүртээх стратегийн хэрэгсэл мөн. Тинк Монгол өмнөх нийтлэлээрээ Монголын сүүлийн 20 жилийн уул уурхайн орлогын менежментийн түүх, гарсан алдаа дутагдлуудыг хөндсөн.
Гэвч Монголын өнөөгийн баялгийн сангийн бодит хэрэгжилтэд дараах эрсдэлүүд ажиглагдсаар буй:
1. Засаглал ба ил тод байдал дутмаг
Үндэсний баялгийн санг мэргэжлийн түвшинд, улс төрөөс хараат бус удирдах нь амжилтын гол үндэс юм. Хөрөнгө оруулалтын шийдвэрийг мэргэжлийн шинжээчид гаргаж, ерөнхий философийг нь хууль тогтоомжоор тодорхой зааж өгөх ёстой.
Бодит байдал: 2025 оны 9-р сарын байдлаар бүрэлдэхүүн сангуудын данс, бүртгэл, төлбөр тооцоог Монголбанк хариуцаж байгаа бөгөөд удирдлагын бүтэц, хяналт шалгалтын механизм болон ил тод байдлын удирдамжууд бүрэн төлөвшөөгүй хэвээр. Энэ нь сангийн хөрөнгө хэрхэн удирдагдаж буйг олон нийт болон хөрөнгө оруулагчид хянах боломжийг хязгаарлаж буй.
2. Стратегийн хуримтлалыг богино хугацааны хэрэглээнд зарцуулах
Баялгийн сангийн үндсэн зорилго нь урт хугацааны үр өгөөж бий болгоход оршино. Гэвч Монголд сангийн хуримтлалыг дотоодын нийгмийн халамж, хөтөлбөрүүдтэй холих хандлага давамгайлсаар.
Бодит байдал: 2024 онд Монголбанк Хуримтлалын сангийн эх үүсвэрээс ₮480 тэрбумыг орон сууцны ипотекийн хөтөлбөрт зарцуулсан нь өмнөх онтой харьцуулахад хөтөлбөрийн санхүүжилтийг 54%-аар нэмэгдүүлжээ. Баялгийн санг ийм богино хугацааны дотоод хэрэглээний хөтөлбөрт ашиглах бус, урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих стратегийн хэрэгсэл болгон ашиглах ёстой. Хэдийгээр тус зарцуулалт нь нийгмийн ач холбогдолтой мэт боловч, "ирээдүйн мөнгийг өнөөдөр зарцуулах" улс төрийн мөчлөг дагасан алдааг давтаж буй аж.
3. Дүрмийн мөрдөлт хангалтгүй
Хууль тогтоомжийг ойр ойрхон өөрчлөх нь сангийн институтийн чадавхыг сулруулдаг.
Бодит байдал: Хууль эрх зүйн хувьд, уул уурхайн АМНАТ-ийн 65%-ийг бусад хуваарилалт хийсний дараа Ирээдүйн өв сан (ИӨС)-д оруулах ёстой. Гэвч ИӨС-ийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу 2024 онд зөвхөн АМНАТ-ийн 20% л ИӨС-д хуваарилагдсан аж. 2018 онд ИӨС-ийн хөрөнгөөр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх түр зохицуулалтыг 2022 он хүртэл хэрэгжүүлсэн бол 2022 оны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тус сангийн орлогыг Хүүхдийн мөнгөний хөтөлбөрийн нэмэгдэлд зарцуулахаар шийдвэрлэсэн. Өмнө нь ИӨС-ийг төсвийн тэнцвэржүүлсэн орлогод оруулдаггүй байсан бөгөөд ийнхүү Хүүхдийн мөнгийг тус сангаас санхүүжүүлэх нь төсвийн суурь болон урт хугацааны тогтвортой байдлыг алдагдуулсан аж. Цаашлаад сангийн дүрмийг ойр ойрхон өөрчлөх нь түүний үндсэн чиг үүргийг сулруулах эрсдэлтэй юм.
Цаашдын бодлогын тэргүүлэх чиглэлүүд
Чингис Хаан Үндэсний баялгийн санг олон улсын Сантьяго зарчмуудтай нийцүүлж, улс төрөөс хараат бус, мэргэжлийн удирдлагаар хангах нь нэн тэргүүний зорилт юм. Хөрөнгө оруулалтын стратегийн шийдвэрийг геополитикийн хямрал болон дэлхийн санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлыг тооцож чадах, өндөр ур чадвартай, хараат бус мэргэжилтнүүд гаргах шаардлагатай.

Тиймээс Монголын засаглалын орчин сайжирч, институтүүд нь чадавхажсан цагт л Үндэсний баялгийн сан нь улс төрчдийн богино хугацааны амлалтыг гүйцэлдүүлэгч хэрэгсэл биш, харин Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ирээдүй хойч үеийн баталгаа болох үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадна.




