
Ираны мөргөлдөөн Монгол Улсад шинэ сорилтуудыг авчирч болзошгүй байна.
Бямба гарагт АНУ, Израилийн зэвсэгт хүчнүүд Ираны нийслэл Тегеран болон бусад хотуудад байрлах объектууд руу агаараас цохилт өгч эхэлснээр бүс нутгийн нөхцөл байдал хурцдав. Цагаан ордны зүгээс дээрх ажиллагааг Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх, тус улсын баллистик пуужингийн чадавхыг сулруулах зорилготой хэмээн тайлбарлаж буй бөгөөд Тегеран хариуд нь Израиль болон бүс нутаг дахь АНУ-ын цэргийн байгууламжууд руу пуужин, дроноор хариу цохилт өгч эхлээд байна.
Цэргийн ажиллагааны үеэр Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи болон хэд хэдэн өндөр дээд албан тушаалтнууд амь үрэгдэж, Ираны Хувьсгалт гвард Ормузын хоолойг хаах арга хэмжээ аваад буй. БНХАУ, ОХУ-ын зүгээс Америкийн цэргийн ажиллагааг эрс буруушааж яаралтай гал зогсоох, талуудыг хэлэлцээрийн ширээнд эргэн суухыг уриалсан бол Франц, Герман, Их Британи зэрэг Европын орнууд илүү болгоомжилсон байдалтай, нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг уриалсан байр суурь илэрхийлж байна.
Зэвсэгт мөргөлдөөний улмаас ямар үр дагавар гарах вэ?
Ираны эсрэг явуулж буй Америк, Израилийн цэргийн ажиллагаа Ойрх Дорнодын бүс нутагт хурцадмал байдлыг нэмэгдүүлж, дунд хугацаанд тогтворгүй байдал үүсгэх төлөвтэй байна. Мөргөлдөөн цааш үргэлжилбэл Ливаны Хезболла, Йемений Хути зэрэг Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд хариу үйлдэл үзүүлж, бүс нутаг дахь АНУ-ын цэргийн байгууламжууд руу халдлага үйлдэх магадлалтай. 2025 оны 6 дугаар сард болсон 12 хоног үргэлжилсэн Израиль–Ираны мөргөлдөөнтэй харьцуулахад энэ удаагийн мөргөлдөөн олон талын оролцогчидтой тул цэргийн ажиллагаа талуудын тооцоолсноос хамаагүй удаан үргэлжлэх төлөвтэй байна.
Үүнээс гадна, Трампын засаг захиргаа Иранд дэглэмийн өөрчлөлт хийхийг хүсэж байгаа ч энэ нь дотоод улс төрийн тогтворгүй байдал үүсгэж АНУ, Израилд илүү хүчтэй дайсагнасан дэглэм, тогтолцоог бий болгохыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд дайны хурцадмал байдал удаан хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй. Үйл явдлын өрнөлөөс харахад Ираны тал тууштай хариу арга хэмжээ авч, Америкийн эсрэг өргөн цар хүрээнд хариу довтолгоо хийж байна. Энэ нь нөхцөл байдал богино хугацаанд намжих магадлалыг бууруулах бөгөөд мөргөлдөөн өргөжиж, өргөн хүрээтэй дайн болж хувирах эрсдэлийг улам нэмэгдүүлнэ.
Эдийн засгийн шууд нөлөөллийн хувьд Ормузын хоолойн аюулгүй байдал, түүгээр дамжин өнгөрөх газрын тос тээвэрлэлт хамгийн эмзэг асуудал болж байна. Ираны тал хоолойг удаан хугацаагаар боож хаасан тохиолдолд дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд шууд нөлөөлж, нефтийн үнэ огцом өсөх эрсдэлтэй. Мөргөлдөөн эхлээд удаагүй байгаа ч 3 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар Азид газрын тосны үнэ 13 хүртэлх хувиар өсөж, баррель нь 82 ам.доллар хүрсэн нь 2025 оны 1 дүгээр сараас хойших хамгийн өндөр түвшин болж байна. Мөн олон улсын жишиг болох Брент төрлийн газрын тос 5.2 хувиар өсөж, 76.21 ам.доллар болжээ. Энэ нь импортын хараат орнуудад инфляцын дарамтыг нэмэгдүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулах хүчин зүйл болж болзошгүй. Мөн геополитикийн тодорхойгүй байдал нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийх, хөгжиж буй зах зээлтэй орнууд руу чиглэх хөрөнгө оруулалт буурах магадлалтай юм.
Өрнөж буй үйл явдлыг геополитикийн түвшинд харж үзвэл Тегеранд агаараас цохилт өгсний дараа Ирантай ойр стратегийн харилцаатай Москва, Бээжингийн зүгээс уг ажиллагааг эрс буруушаасан мэдэгдэл хийсэн боловч бодит цэрэг, улс төрийн дэмжлэг үзүүлэх алхам хийсэнгүй. Ирантай ойр хамтын ажиллагаатай ч Орос, Хятадын зорилго цэргийн түншлэл бус, харин Ойрх Дорнодын бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалах, бүс нутгийн бусад орнуудтай харилцаагаа тэнцвэртэй хөгжүүлэх явдал юм.
Нөгөө талаар, Вашингтоны зүгээс энэ оны 1 дүгээр сард Венесуэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан явдал, үүн дээр нэмээд Иранд цохилт өгсөн нь Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа зорилгодоо хүрэхийн тулд тусгаар улсын удирдагчийг шууд онилж цэргийн хүч хэрэглэхээс буцахгүй гэдгийг харууллаа.
Энэ нь олон улсад бусад улс орны эсрэг хүч хэрэглэх, тусгаар тогтнолд шууд заналхийлэх буруу жишиг тогтоох эрсдэлтэй бөгөөд цаашид олон улсад маргаан дагуулж болзошгүй. Хэрэв том гүрнүүд тусгаар улсын удирдагчийг шууд онилж, цэргийн хүч хэрэглэхийг хэвийн үзэгдэл болговол бусад гүрнүүд ч өөрсдийн аюулгүй байдлаа хангах зорилгоор зэвсгээр хөөцөлдөх, хүч хэрэглэх хандлага нэмэгдэх аюултай. Хэрэв том гүрнүүд улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд цэргийн хүч хэрэглэхэд бэлэн гэдгээ харуулсаар байвал бусад гүрнүүд ч өөрсдийн стратегийн тооцооллоо дахин үнэлэхэд хүрнэ. Энэ нь Тайванийн хоолой, Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүсүүдийн талаарх Бээжингийн бодлого, шийдвэр гаргалтад нөлөөлөхийг үгүйсгэхгүй.
Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөх вэ?
- Ираны хариу арга хэмжээний цар хүрээ, давтамж: Хэрэв хариу цохилтууд хязгаарлагдмал хэмжээнд байвал мөргөлдөөн тодорхой хүрээнд баригдах магадлалтай. Харин системтэй, өргөн хүрээний довтолгоо үргэлжилбэл сөргөлдөөн тэлэх эрсдэл нэмэгдэнэ.
- Ираны дотоод улс төрийн нөхцөл байдал: Хаменейн залгамжлагч хурдан тодорч, удирдлагын шилжилт хяналттай явагдах уу, эсвэл тодорхойгүй байдал үүсэх үү гэдэг нь бүс нутгийн аюулгүй байдалд шууд нөлөөлнө.
- “Прокси” зэвсэгт бүлэглэлүүдийн идэвхжил: Хезболла, Хути болон бусад зэвсэгт бүлэглэлүүдийн оролцоо нэмэгдэх нь мөргөлдөөнийг олон фронттой болгох магадлалтай.
- Ормузын хоолойн аюулгүй байдал, газрын тосны үнэ: Тус хоолойгоор хийгдэх далайн тээвэр удаан хугацаагаар зогсох, тасалдах, даатгалын зардал өсөх зэрэг нь газрын тосны үнийг огцом өсгөх эрсдэлтэй.
Монголд хэрхэн нөлөөлөх вэ?
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх нь шатахууны импортын зардал, инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Импортоос ихээхэн хараат эдийн засагтай Монгол Улсын хувьд хурцадмал байдал удаан үргэлжилбэл ханш, үнийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай ба засгийн газрын бондын хүүг өсгөж, эрсдэлийг нэмснээр цаашид Монгол Улсын гадаад санхүүжилтийн өртгийг ихэсгэх эрсдэлтэй юм. Цаашлаад геополитикийн тодорхойгүй байдал нь төр, засгийн зүгээс макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад илүү хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэнэ.
Үүнээс гадна, Монгол Улс саяхан АНУ-ын санаачилсан “Энхийн зөвлөлд” нэгдэх шийдвэр гаргасан. Америкийн тал Украины дайныг дуусгах тохиролцоонд хүрч, Ираны цөмийн аюулыг зогсоож чадвал гол анхаарлаа Хятад буюу Зүүн Азийн бүс нутаг руу хандуулах магадлалтай. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын хувьд тун эгзэгтэй цаг үеийг авчирч буй бөгөөд улс орны аюулгүй байдлын хүрээнд эдийн засгийн хараат байдлаа буруулах тал дээр цаашид хэзээ хэзээнээс илүү анхаарч ажиллах шаардлагатай болж байна.




