
Вашингтонд болсон 2026 оны “Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт”-д Монголоос Ангол хүртэлх 50 гаруй улс цугларч, Хятадын зах зээлийн давамгайллаас ангид чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ байгуулах асуудлыг хэлэлцлээ. Тус уулзалтаар АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс дэлхийн чухал ашигт малтмалын зах зээлийг "илүү эрүүл, өрсөлдөх чадвартай" болгох механизмыг санал болгож байна гэв. Үүнд, үнийн доод хязгаар тогтоох "давуу эрх бүхий худалдааны бүс" байгуулах, гишүүн орнуудад хувийн хэвшлийн санхүүжилт болон ашигт малтмалын аюулгүй хүртээмжийн суурийг бүрдүүлж өгөх гэх зэрэг асуудлууд багтжээ. Үүнээс гадна, уулзалтын үеэр АНУ-ын тал Аргентин, Эквадор, Узбекистан, Марокко, Перу, Филиппин зэрэг улстай хоёр талт хамтын ажиллагааны 11 шинэ санамж бичиг байгуулав. Мөн АНУ-ын тэргүүлдэг "Ашигт малтмалын аюулгүй байдлын түншлэл"-ийг шинэчлэн, Өмнөд Солонгосоор ахлуулсан, нийлүүлэлтийн сүлжээнд төрийн болоод хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх зорилготой "FORGE" эвслийг өөрчлөн байгуулав.
Хурлын нээлтийн үеэр “Бидний зорилго, энэхүү хурлыг зохион байгуулж буй шалтгаан нь худалдааны бодлого, хөгжлийн санхүүжилт болон дипломат харилцааг нэгдсэн стратегийн зорилтод чиглүүлэхэд оршино. Тэрхүү зорилго нь маш энгийн: дэлхийн чухал ашигт малтмалын зах зээлийг төрөлжүүлэхийн зэрэгцээ энэхүү хамтын хүчин чармайлтад оролцож буй түнш орнуудыг бэхжүүлэх явдал юм” хэмээн Вэнс онцоллоо.
Вэнс Америкийн холбоотон болон түншүүдийн хүрээнд үйлдвэрлэлийг өргөжүүлэх худалдааны блок байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр нэмж хэлэхдээ, “Бидний өмнө аж үйлдвэрийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийг хангахад нэн шаардлагатай чухал ашигт малтмалын хэрэгцээгээ хангахад зөвхөн бие биедээ найдаж, бие даан хөгжих боломж байна” гэв.
Тус уулзалтын зорилго тодорхой байгаа ч дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор хомс байна. Байгалийн нөөцийн удирдлагын хүрээлэн (NRGI)-ийн ажигласнаар "уг санаачилга нь олборлогч болон хэрэглэгч томоохон орнуудын улс төр, эдийн засгийн дэмжлэгийг авч цааш үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна." Дээрх санаачилсан механизмтай холбоотой санамж бичиг, төлөвлөгөөг боловсруулахад 30 хоногоос 6 сар хүртэлх хугацааг заагаад буй юм.
"Газарзүйн хавх"-ыг дахин тодорхойлох боломж
Энэхүү санаачилга нь одоогоор бодит үр дүнгээс илүү эрмэлзэл төдий байгаа ч, Монголын хувьд ач холбогдол нь шууд үр дүн өгөхөөс илүү, бусад орнуудад өгч буй дохионд оршино. Тус уулзалт нь Хятадаас хамаарал багатай нийлүүлэлтийн эх үүсвэрт АНУ, Япон, Өмнөд Солонгос гэх улсууд стратегийн өндөр ач холбогдол өгч буйг харуулсан үйл явдал болов. Чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ рүү чиглэсэн сонирхол эрчимтэй нэмэгдэж буй нь Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлтөө дэмжих, бүрэн эрхт байдлаа бэхжүүлэх үндэсний ашиг сонирхлоо урагшлуулах хөшүүрэг болж магадгүй юм.
Монгол зэс, уран, жонш, газрын ховор элемент болон бусад чухал ашигт малтмалаар баялаг. 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхайд тооцогдох Оюу толгой манай улсад үйл ажиллагаа явуулж байна. Мөн Францын "Орано" компани Монголын Засгийн газартай 1.6 тэрбум ам.долларын гэрээ байгуулж, 2028 он гэхэд уран олборлохоор зорьж буй. Монгол хайлуур жоншны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх орны нэг бөгөөд өндөр хөгжилтэй орнуудын хувьд нэн чухал гэж тооцогддог газрын ховор элемент болон бусад ашигт малтмалын батлагдсан нөөцтэй.
Хэдий арвин нөөц баялагтай ч Монголын экспортолж буй ашигт малтмал, бүтээгдэхүүн хоёр хөршийн аль нэгээр заавал дамжин өнгөрөх шаардлагатай. Энэхүү нөхцөл байдал нь урт хугацааны турш манай эдийн засаг, гадаад бодлогыг тодорхойлж ирсэн бөгөөд газар зүйн байршил бидний бие даан шийдвэр гаргах эрх мэдэлд хязгаар тогтоодог гэх ойлголтыг бататгасаар ирсэн.
Вашингтоны уулзалт нь бидэнд хараахан шинэ боломж нээж өгөөгүй ч газарзүйн байршлыг заяасан “хувь тавилан” мэтээр хүлээн зөвшөөрөх хандлагаа өөрчлөх томоохон дохио боллоо. Монгол Улс олон жилийн турш геополитикийн ээдрээтэй орчинд байр сууриа тэнцвэржүүлэхийн тулд "Гуравдагч хөршийн бодлого"-ыг тууштай хэрэгжүүлж ирсэн. Өнөөгийн нөхцөл байдал энэхүү бодлогыг эдийн засгийн хүрээнд өргөжүүлэх боломжийг олгох юм.
Хэрэв Монгол уул уурхайн салбараа нийтлэг ашиг сонирхлын үндсэн дээр хүчирхэг гуравдагч талуудтай хөгжүүлж чадвал дипломат харилцаагаар хязгаарлагдахгүй хүчтэй хөшүүрэг болно. Тиймээс ч манай бодлого боловсруулагчид энэхүү стратегийн ашиг сонирхлыг хэрхэн бодит ажил хэрэг болгох талаар нухацтай дүгнэх шаардлагатай болоод буй.
Монгол сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр хэд хэдэн алхмуудыг хийсэн. Тухайлбал, АНУ болон Өмнөд Солонгостой чухал ашигт малтмалын гурван талт уулзалт хийж, Өмнөд Солонгостой ховор металлын хамтын ажиллагааны хүрээг тогтоож, Их Британитай газрын ховор элементийн судалгааны чиглэлээр санамж бичиг байгуулж, Германтай стратегийн түншлэлийн харилцаагаа хадгалж байна. Гэсэн хэдий ч, санамж бичиг байгуулах нь нийлүүлэлтийн сүлжээнд орлуулшгүй үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бодит хөшүүрэг зөвхөн аюулгүй байдал, дипломат харилцаа, эдийн засаг, худалдааны ашиг сонирхол нэг цэгт огтлолцсон үед л бий болдог.
Хэрэв Монгол ашигт малтмалаа стратегийн ач холбогдолтой дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд нэгтгэж, эрсдэлийг хуваалцаж чадвал газарзүйн хүнд ачаагаа бага ч гэсэн хөнгөлөх боломжтой. Францтай байгуулсан ураны хэлэлцээр үүний нэг жишээ юм. Франц, Хятад хоорондын тохиролцооны дагуу Монголын ураныг Хятадаар дамжуулан Францад хүргэхээр төлөвлөж буй. Энэхүү зохицуулалтыг томоохон гуравдагч тал тухайн замыг нээлттэй байлгах сонирхолтой байгаа учраас хэрэгжүүлэх боломж гарч буй юм. Хэрэв эрэлт хэрэгцээ стратегийн шинжтэй байж, АНУ, Европын холбоо, Япон эсвэл Өмнөд Солонгос Хятадын хяналтаас гадуурх төрөлжсөн эх үүсвэрийг үнэхээр эрэлхийлж байвал Монголын газарзүйн байршлын асуудал түншүүд хамтран шийдвэрлэх ёстой асуудал болж хувирна.
Вашингтоны уулзалт талуудын стратегийн сонирхол оршиж буйг харууллаа. Гэвч энэхүү сонирхлыг тогтвортой хамтын ажиллагаа болгон хэрэгжүүлэх нь хоёр талын хүчин чармайлтаас хамаарна. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц, санхүүжилт, дипломат дэмжлэгээр дамжуулан бат бөх зохицуулалт бий болох эсэх нь манай бодлого боловсруулагчид улс орныхоо алсын зорилго, эрмэлзлийг бодит стратеги болгон хэрхэн ухаалгаар хэрэгжүүлэхээс шууд хамаарна. Аль чухал ашигт малтмал, аль түншийг нэн тэргүүнд тавих вэ? Эдийн засгийн хөшүүргийг бий болгохын тулд боловсруулах болон нэмүү өртөг шингээх үйл ажиллагааг хаана хэрэгжүүлж болох вэ? Монгол Улс "C5+1" зэрэг бүс нутгийн түншлэлтэй илүү ойр хамтран ажиллах уу, эсвэл үндэсний ашиг сонирхолд нийцсэн шинэ түншлэлийг хөгжүүлэх үү? Энэ чухал цаг үеийг эдийн засаг, геополитикийн урт хугацааны үр ашиг болгон хувиргахын тулд бид хэрхэн шуурхай ажиллах ёстой вэ? Эдгээр асуултад бэлэн хариулт үгүй ч энэ боломжийг бүрэн ашиглахын тулд манай удирдагчид тус асуултуудтай нүүр тулгарахаас өөр аргагүй.
Хэрэгжүүлэлтийн асуудал
Вашингтоны сайд нарын уулзалтаар хөрөнгө оруулалт, худалдан авалт, бодлогын зохицуулалт зэрэг боломжуудыг дурдсан ч сорилтууд мөн тулгарна. Уул уурхайн орд нээснээс олборлолт эхлэх хүртэл дунджаар 16.3 жил, харин АНУ-д 30 гаруй жил зарцуулдаг. Уулзалтын үеэр АНУ зөвшөөрөл олгох хугацааг шахаж, уул уурхайн салбартаа стратегийн яаралтай байдлыг нэмэгдүүлэх байр суурьтай буйгаа тодорхой илэрхийлсэн. Хэрэв бид энэ хурдтай хөл нийлүүлэн алхахыг хүсвэл уурхай, үйлдвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хурдасгах шаардлагатай болно. Гэтэл уул уурхайг хамгийн хүчтэй эсэргүүцдэг орон нутгийн иргэд, засаг захиргаа болон шүүхийн байгууллагууд удаан хэмнэлээр явсаар байна.
Үүний зэрэгцээ Монгол хоёр хөрштэйгөө харилцаагаа муутгахгүйгээр барууны түншүүдтэй эдийн засгийн интеграциа гүнзгийрүүлэх зайлшгүй шаардлага бий.
Хэрэв эдгээр сорилтыг даван туулж чадвал бидэнд ирэх үр өгөөж асар их юм. Стратегийн ач холбогдол бүхий нийлүүлэлтийн сүлжээнд ашигт малтмалаа нэгтгэснээр эдийн засгийн бодит хөшүүргийг бий болгоно. Хэрэв газарзүйн байрлал түншүүдийн дундын асуудал болж чадвал Монгол үндэсний ашиг сонирхлоо илүү бат бөх суурин дээрээс урагшлуулах боломжтой болох юм.




