
Сүүлийн жилүүдэд Монголын уул уурхайн орлого эрс нэмэгдсэн. Харин энэ удаагийн орлогын өсөлт нь өнгөрсөн үеийнхтэй адил зөвхөн ашигт малтмалын зах зээлийн үнийн хэлбэлзэлд тулгуурлаагүй, харин экспортолж буй зэс, нүүрсний биет хэмжээ нэмэгдсэнтэй шууд холбоотой юм. Эдийн засгийн урт хугацааны өсөлтийг бий болгохуйц, үр ашигтай менежмент хийхэд хангалттай хэмжээний орлого энэ цаг үеэс л бодитоор бүрдэж эхэллээ гэж хэлэхэд буруудахгүй. Иймээс одоогоос эхлэн Монгол уул уурхайн орлогын менежментийг зөв, хараат бус, сахилга баттай хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгараад буй.
Монголын орлогын менежментийн туршлага
2007 оноос хойш Монгол уул уурхайн орлогоо удирдах зорилгоор хэд хэдэн сан байгуулж иржээ. Тухайлбал:
- 2007: Монгол улсыг хөгжүүлэх сан
- 2009: Хүний хөгжил сан
- 2010: Төсвийн тогтворжуулалтын сан
- 2016: Ирээдүйн өв сан
- 2024: Чингис хаан үндэсний баялгийн сан
Уул уурхайн орлогыг улс орны хөгжил болон ирээдүй үеийнхний төлөө ашиглана хэмээн олон удаа амласан хэдий ч бодит байдал дээр Монгол уг орлогын маш бага хэсгийг л Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв сангаар дамжуулан хадгалж чаджээ. 2004–2023 оны хооронд Монгол ашигт малтмалын үйлдвэрлэлээс олсон орлогын нэг ам. доллар тутмын 97 центийг хэрэглэж, 3 центийг хадгалсан гэх Дэлхийн Банкны тооцоолол ч бий. Түүхэн жишгээс харахад уул уурхайгаас олсон орлогын дийлэнхийг халамж, бэлэн мөнгө тараалт, эдийн засгийн мөчлөг дагасан тэлэх зарлага, мөн төсвийн гаднах сул удирдлагатай механизмуудаар дамжуулан зарцуулж ирсэн. Ийм буруу менежмент нь инфляцыг өдөөж, валютын ханшийг сулруулан, улмаар уул уурхайн бодит орлогын үнэ цэнийг алдагдуулахад нөлөөлсөн гэж дүгнэж болно.

Монгол ямар алдаа гаргасан бэ?
Маргаашийн мөнгийг өнөөдөр зарцуулсан
Монголын түүхэнд байгуулагдсан баялгийн сангууд нь олон улсын сайн жишигт бүрэн нийцээгүй, улс төрийн нөлөө өндөр, мэргэжлийн бус удирдлага, сул засаглалтай байсны улмаас зорилгодоо хүрч чадалгүй иржээ. Эдгээр сангуудыг стратегийн үндэслэлгүйгээр богино хугацааны, тэлэх шинжтэй зарлагыг санхүүжүүлэхэд ашигласнаар төсвийн нөөц, уян хатан байдал алдагдаж, түүхий эдийн үнэ унах мөчлөг бүрд эдийн засаг улам эмзэг болсоор.
Тогтоосон дүрэм, журмаа тууштай мөрдөөгүй
Сангуудын хуримтлал, татан авалтын дүрэм журмыг ойр ойрхон өөрчилж ирсэн нь тэдгээрийн гол зорилго, итгэлцлийг алдагдуулж, урт хугацааны хуримтлалыг бууруулсан аж. Тухайлбал, 2022, 2023 онуудад Ирээдүйн өв санд төвлөрөх ёстой орлогын тодорхой хэсгийг хүүхдийн мөнгө санхүүжүүлэхэд ашигласнаар 2022 онд тус санд огт хуримтлал үүсээгүй. Үүнээс гадна 2010–2021 оны хооронд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 13-аас дээш удаа өөрчлөлт оруулсан нь төсвийн сахилга бат, орлогын менежментийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлжээ.
Санг улс төрийн хэрэгсэл болгох
Монгол улсыг хөгжүүлэх сангийн залгамжлал болох Хүний хөгжлийн санг сонгуулийн үеэр улс төрийн амлалт санхүүжүүлэх хэрэгсэл болгон ашиглаж, иргэдэд бэлэн мөнгө тараахад чиглүүлсэн нь бодлогын ноцтой алдаа болсон. Энэ нь 2008–2009 оны эдийн засгийн хямралын нэг үндэслэл болсон төдийгүй, тус сан 2016 он гэхэд ойролцоогоор ₮1 их наядын өрөнд орж, улмаар уг өрийг дараагийн залгамж сан болох Ирээдүйн өв сан барагдуулахад хүрсэн юм.
Хамгийн сүүлийн үеийн оролдлого: Чингис хаан үндэсний баялгийн сан
2024 онд Монгол уул уурхайн орлогоо удирдах шинэ шатанд шилжих оролдлого хийж, Чингис хаан үндэсний баялгийн санг байгууллаа. Уул уурхайн орлого огцом өсөж, төрийн өмчит гол уурхайнуудын ашигт ажиллагаа сайжирсан нөхцөлд 2024 онд баялгийн сангуудад ойролцоогоор ₮1.3 их наяд (ДНБ-ий 1.7 орчим хувь) шилжүүлэх боломж бүрдсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бодит ахиц юм.
Гэвч шинэ сангийн амжилт нь зөвхөн орлогын хэмжээнээс бус, харин ямар зарчим, ямар засаглалын хүрээнд удирдагдахаас шууд хамаарна. Өмнөх туршлагууд харуулснаар улс төрийн нөлөөлөл давамгайлсан, дүрэмд суурилаагүй менежмент нь баялгийн сангуудыг богино хугацааны, улс төрийн зарлагын хэрэгсэл болгон хувиргах эрсдэлтэй. Иймээс Чингис хаан үндэсний баялгийн санг Сантягогийн зарчимд бүрэн нийцүүлж, улс төрөөс ангид, мэргэжлийн, ил тод засаглалтайгаар төлөвшүүлэх нь нэн чухал аж. Зөвхөн энэ нөхцөлд л уул уурхайн өнөөгийн орлогын өсөлт Монголын тогтвортой, урт хугацааны хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломжтой юм.




