detail-cover-img

Монголын уул уурхайн орлогын менежментийн түүхэн хөгжил

Сүүлийн 20 жилд Монгол уул уурхайн орлогыг үр ашигтай, тогтвортой удирдах зорилгоор хэд хэдэн сан, хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгосон. Гэвч тус оролдлогууд нь улс төрийн мөчлөг, төсвийн дарамт, институтийн сул чадавхтай тулгарч, дэвшүүлсэн зорилтоо бүрэн хэрэгжүүлж чадсангүй. 

2024 онд байгуулагдсан Чингис Хаан Үндэсний баялгийн сан нь Монголын уул уурхайн орлогын удирдлагын хамгийн сүүлийн үеийн оролдлого бөгөөд түүний бодит үр нөлөө, засаглалын чанар, тогтвортой байдал хараахан тодорхой биш буй. Иймээс Монголын уул уурхайн орлогын менежментийн өмнөх туршлага, алдаа, сургамжийг түүхэн дарааллаар шинжлэх нь өнөөгийн бодлогын сорилтуудыг ойлгож шийдэхэд чухал ач холбогдолтой юм. 


Түүхийн он дараалал

2007

Монголын хөгжлийн cан (МХС) хуулиар байгуулагдав

  • Уул уурхайн орлогыг улсын эдийн засаг, хүний хөгжилд зориулан хуримтлуулах анхны оролдлого

2009

Хүний хөгжил сан (ХХС) МХС-г орлов

  • Уул уурхайн орлогоос хуримтлал үүсгэж, байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээж нийгмийн тэгш бус байдлыг бууруулах зорилготой
  • Хуримтлалаар бус зээлээр санхүүжсэн гэж хэлж болно

Гэвч тус сангууд нь хурдан улс төржиж, бүх нийтэд бэлэн мөнгө тараах, зорилтот бус нийгмийн халамж зэрэг популист зардалд ашиглагдсан нь 2008–2009 оны эдийн засгийн хямралд дотоодын гол нөлөөлөгч хүчин зүйлсийн нэг болсон аж.

2010

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль (ТТБТХ) батлагдаж, төсвийн тогтворжуулалтын сан (ТТС) байгуулагдав

  • Түүхий эдийн үнийн хэлбэлзлээс эдийн засгийг хамгаалж, тогтвортой өсөлтийг хангах зорилготой
  • Гэвч уг хууль нь 2013 онд л бүрэн хэрэгжиж эхэлсэн

2010–2012

Эдийн засгийн өсөлтийн үе

  • ДНБ-ий өсөлт 2011 онд 17.3%-д хүрч, Азид хамгийн хурдтай өссөн эдийн засаг болов
  • Уул уурхайн орлогын өсөлтөөс шалтгаалан Засгийн газрын зардал огцом өсөж (2011 онд 56%-аар) эдийн засаг хэт халав
  • Хөгжлийн банкнаас хийсэн төсвийн гадуурх зарцуулалт огцом нэмэгдэв
  • Засгийн газрын өр хуримтлагдав

2013

ТТБТХ-ийн дүрмүүд эцэст нь хэрэгжиж эхлэв

  • Гэвч түүхий эдийн үнэ болон гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 оноос хойш буурч эхэлсэн
  • Засгийн газар дүрмүүдийг мөрдөж чадалгүй ТТБТХ-д хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан аж
  • Оюу Толгой зэсийн баяжмал үйлдвэрлэж эхлэв

2013–2016

Эдийн засгийн уналтын үе

  • Түүхий эдийн үнэ огцом унав
  • ДНБ-ий өсөлт 2011 оны 17.3%-аас 2016 онд 1.5% хүртэл буурсан
  • Монголын өр-ДНБ-ий харьцаа бараг 90%-д хүрч, дэлхийд хамгийн өндөр хүү төлдөг улсуудын нэг болов

2016

Ирээдүйн өв сан (ИӨС) ХХС-г орлон байгуулагдав

  • ХХС татан буугдсан
  • ИӨС нь ХХС-аас ₮1 их наядын өр өвлөн авав
  • Уул уурхайгаас төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор үе хоорондын хуримтлалын сан байхаар төлөвлөгдсөн ч бүх орлого нь хуримтлал биш, өр төлөлтөд зарцуулагдав

2017–2019

ОУВС-ийн хөтөлбөр ба ИӨС өрөө барагдуулав

  • 2017 оны эхээр Засгийн газар ОУВС болон бусад түншүүдтэй $5.5 тэрбумын 3 жилийн санхүүгийн дэмжлэгт хөтөлбөрт нэгдэв
  • ХХС-аас өвөлж авсан өрөө 2019 оны 6 сар гэхэд бүрэн төлж тус оны хоёрдугаар хагасаас ИӨС-д бодит хуримтлал үүсэж эхлэв

2020–2023

ИӨС болон ТТС КОВИД-19-ийн санхүүжилтэд ашиглагдав

  • Цар тахлын үед ИӨС-ийн орлогыг төсөвт шилжүүлэн ашигласан
  • 2020 онд ТТС-ийн хуримтлал бүрэн шавхагдсан ч 2022, 2023 онд тодорхой хэмжээний хуримтлал дахин бүрдсэн

2024

Чингис Хаан Үндэсний баялгийн сан байгуулагдав

  • Гурван сангаас бүрдэнэ:
    • Ирээдүйн өв сан
    • Хөгжлийн сан
    • Хуримтлалын сан
  • 2025 оны 8-р сарын байдлаар ~$1.5 тэрбумын хуримтлалтай
  • “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК нь Үндэсний баялгийн сангийн хөрөнгө удирдлагыг хэрэгжүүлэх бэлтгэл хангах чиглэлээр байгуулагдсан

Цаашид - Шийдвэрлэх цаг үе

  • Оюу Толгойн зэсийн олборлолт эрчимжинэ
  • Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсөх төлөвтэй
  • Орлогын шинэ “эрин үе” дөхөж буй

Монгол өнгөрсөн алдаануудаа дахин давтах уу?

Төстэй нийтлэлүүд