
Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2025 оны 9 дүгээр сарын байдлаар 5.9 хувьд хүрч өмнөх оны мөн үеэс 0.7 нэгж хувиар өсөв. Сүүлийн 5 жилийн III дугаар улирлын байдлаар эдийн засаг дунджаар 5.2 хувиар өссөн байна.

Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтөд голлох нөлөөг үзүүллээ
Эдийн засгийн 5.9 хувийн өсөлтийн 3.4 нэгж хувийг хөдөө аж, ахуйн салбар дангаараа бүрдүүлэв. Харин эдийн засгийн өсөлтөд тогтмол голлох нөлөө үзүүлдэг уул уурхай, олборлох салбар өмнөх жилүүдээс харьцангуй бага буюу 1.1 нэгж хувийн нөлөө үзүүллээ. Хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа буурснаар үйлчилгээний салбарын ДНБ-ий өсөлт дэх оролцоо ердөө 0.6 нэгж хувийг бүрдүүллээ.
2024 оны 3 дугаар улирлын хувьд эдийн засаг 5.2 хувиар өссөн бөгөөд үүний 5.2 нэгж хувийг үйлчилгээний салбар, 1.4 нэгж хувийг уул уурхай, 0.2 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар бүрдүүлж байсан бол хөдөө аж ахуйн салбар -3.5 нэгж хувийн сөрөг нөлөө үзүүлж байв.

Эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн онцлох тоонуудыг харвал:
Хорогдсон малын тоо - 2024 онд 1990 оноос хойших 2 дахь хамгийн хүнд зуд, байгалийн гамшиг тохиолдож, 9.4 сая толгой мал хорогдсон. Үүний 8.1 сая нь эхний 9 сард хорогдсон байжээ. Харин энэ оны эхний 9 сарын байдлаар малын зүй бус хорогдол 41 дахин буурсан нь тус салбар эдийн засгийн өсөлтөд том нөлөө үзүүлэх үндэс болов.
Уул уурхайн үйлдвэрлэл - Уул уурхай, олборлолтын салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс ₮2.1 их наяд-аар буурав. Тус бууралтад чулуун нүүрсний үйлдвэрлэл 4.2 сая тонн (6.8%)-аар, цэвэршүүлээгүй алтны үйлдвэрлэл 853 кг (8.9%)-аар буурсан нь голлох сөрөг нөлөөг үзүүлэв.
Хүнсний бус бүтээгдэхүүн худалдаа - Эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн үйлчилгээ, тээврийн салбарын оролцоо буурахад хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа ₮283 тэрбум (0.7%)-аар буурсан нь голчлон нөлөөллөө.
Байгууллагууд ямар байр суурьтай байна вэ?

Хөдөө аж ахуйн суурийн нөлөөгөөр III-дугаар улиралд эдийн засгийн бодит өсөлт таамаглалаас өндөр байв. Харин дотоод, гадаадын төсөөлөл гаргадаг байгууллагуудаас жилийн эцэст Монголын эдийн засгийн өсөлтийг 5.1-5.9 хувийн орчимд байхаар төсөөлжээ.




