
Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын шилэн дансны мэдээллээр 2024 онд нийтийн тээврийн нийт зардал ₮322 тэрбумд хүрсэн бөгөөд үүний ₮289 тэрбум буюу 90%-ийг төсвөөс олгосон татаасаар санхүүжүүлсэн аж. 2024 онд жолоочдын цалинг $1,000 хүргэх бодлого хэрэгжүүлсэн нь салбарын зардлыг нэмэгдүүлсэн. Нэгэнт өөрсдийн олсон мөнгөөр бус татаасаар зардлаа санхүүжүүлж буй учир зардлыг эдийн засгийн тооцоололгүй, хэнэггүй байдлаар зарцуулах байдал хэвшил болж байж болзошгүй юм.

Татаасны хэмжээ хурдацтай өссөөр...
Татаасны дүн 2024 онд ₮289 тэрбум хүрсэн нь ердөө жилийн өмнөхөөс ₮123 тэрбум буюу 74%-аар өсжээ. Харин 2025 оны эхний хагаст нийтийн тээврийн алдагдалд ₮179 тэрбумыг олгосон нь 2 жилийн өмнөх бүтэн жилийн дүнгээс ₮12 тэрбумаар өндөр дүн боллоо.
Ийнхүү нийтийн тээврийн алдагдалд олгох татаас 2020 оноос жил тутам 26%-аар өссөөр нийлбэр дүнгээр ₮1.0 их наядад хүрэв.
2025 онд үйл ажиллагааны орлого нэмэгдсэн гэх боловч татаас улам нэмэгдсэн нь зардлын тэлэлт маш өндөр байгааг илтгэв
2025 оны 7 сарын байдлаар нийслэлийн нийтийн тээврийн орлого өмнөх оноос 68%-аар нэмэгджээ. Орлого нэмэгдсэн ч тус салбарт олгож буй татаас буурахгүй байгаа нь нөхөн олговор хэлбэрээр олгодог татаас яг бодит алдагдлыг санхүүжүүлж байна уу гэх эргэлзээг төрүүлэхүйц юм.

Хамгийн өндөр татаас авдаг компаниуд дунд төрийн өмчит компани олон аж
Шилэн дансны мэдээллээр нийслэлийн хэмжээнд 2025 онд 18 төрийн болон хувийн өмчийн байгууллагуудад татаас олгожээ. Шилэн дансны мэдээлэлд тус компаниудад хэдэн төгрөгийн татаас олгосон нь нээлттэй байгаа хэдий ч хэдэн зорчигч зорчсон эсвэл ямар зардал дээр үндэслэн олгодог нь ил тод бус байгааг анхаарах нь зүйтэй.




