detail-cover-img

Татаасны бодлого: Хөдөө аж ахуйн салбар дахь татаас

Монголын хөдөө аж ахуйн салбар нь байгалийн гамшиг, цаг уураас өндөр хамааралтай, бүтээмж бага, тээвэрлэлт болоод нийлүүлэлтийн сүлжээ сул хөгжсөн. Гэсэн хэдий ч нийгэмд чухал нөлөөтэй салбар тул төрийн зохицуулалт, дэмжлэг их шаарддаг аж. ХАА-н салбар 2000 онд эдийн засгийн 27%-ийг бүрдүүлж байсан бол 2024 онд 7% хүртэл буурсан нь тус салбарын нэмүү өртөг багатай байгааг харуулж буй. Үндэсний аюулгүй байдал талаас хүнсний хэрэгцээгээ дотооддоо хангах, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, түүхий эдийг бүтээгдэхүүн болгоход дэмжлэг үзүүлэхэд ХАА-н татаас чиглэгддэг.

Цар тахал, 2024 оны хүндхэн зудын нөлөөгөөр ХАА-н салбарын татаас сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэв:

2020–2024 онд нийт ₮836 тэрбумын татаас олгосон нь 2015–2019 оны нийт татааснаас 4.6 дахин өндөр дүн ажээ. Татаас дээрх хэмжээнд огцом өссөн ч бодит үйлдвэрлэл болоод бүтээмж буурсаар байгаа юм. Татаас огцом өссөн сүүлийн 5 жилд ХАА-н бүтээмж дунджаар -1.9%-аар буурав.

“ХАА-н салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих урамшуулал”-д татаасны дийлэнх хувь нь зарцуулагдаж буй ч бодит үйлдвэрлэл буурсаар байгаа нь татаас зорилгодоо хүрэхгүй байгааг илтгэнэ.

Тэгвэл ХАА-н салбарын татаастай холбоотой дараах асуулт бидэнд тулгарч буй

Үүнд:

1. ХАА-н татаас зорилтот бүлэг, малчин өрх, үйлдвэрлэгчдэд хүрч чадаж байна уу?

2024 оны Үндэсний аудитын газрын тайланд “Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих урамшуулал” арга хэмжээнд ₮206 тэрбумын зээлийн хүүгийн хөнгөлөлтийн татаасыг буруу төлөвлөн, олгосон гэжээ. 

2. Үйлдвэрлэлийг дэмжих нэр дор татаасыг улс төрийн зорилгоор ашиглаж байж болзошгүй.

2015 оноос хойш ХАА-н салбарын татаас дунджаар 70%-аар өссөн бөгөөд сонгуулийн жилүүдэд дунджаар 250% өсжээ. 2020, 2024 онуудад давагдашгүй хүчин зүйлс тохиолдсон хэдий ч тус үйл явдлаар дамжуулан орон нутагт өөр зорилгоор өндөр хэмжээний хөрөнгө зарцуулдаг байх боломжтой харагдана.

3. Хэтийдсэн татаас, урамшуулал ХАА-н салбар зах зээлийн зарчмаар ажиллахад саад учруулж байна уу?

ХАА-н салбарын ДНБ-д эзлэх татаасны хэмжээ сүүлийн 5 жилд 2.9%-д хүрч, 2015–2019 оны дунджаас 1.7 нэгж хувиар өссөн нь тус салбарын татааснаас хараат байдал нэмэгдэж буй дохио мөн юм.

Төстэй нийтлэлүүд