detail-cover-img

Татаасны бодлого: Эрчим хүчний салбар дахь татаас

Эрчим хүчний салбар нь үндэсний аюулгүй байдлын тулгуур, хөгжлийн суурь багана юм. Гэхдээ Монголд эрчим хүчний компаниудын алдагдал өндөр, дулааны станцуудын өр төлбөр өссөөр буй, төсвөөс их татаас авдаг ч хүрэлцдэггүй гээд олон асуудалтай.
 Тухайлбал төвийн бүсийн чухал эх үүсвэр болох Дулааны III цахилгаан станцын зуухнуудын хамгийн “он залуу” нь ирэх жил 45 нас хүрэх нь. Иймдээ ч хөгшин зуухнууд дэлбэрэх, турбинууд задрах ослууд ойр ойрхон дуулдах болсон нь тус салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа дохио мөн.    

Цахилгаан эрчим хүчний хэрэглээ ба компаниудын алдагдал

2020 оноос хойш Монголын цахилгааны хэрэглээ жилд дунджаар 6%-аар тогтмол өссөн хэдий ч эрчим хүчний компаниуд дунджаар ₮66 тэрбумын балансын алдагдалтай ажиллажээ. Цахилгааны нийлүүлэлт хязгаарлагдмал, үнийг тогтмол шинэчлэн тогтоодоггүй нь алдагдлыг нэмэгдүүлж, татаасны хэмжээ өсөх нэгэн шалтгаан болсон. Улмаар 2020 оноос хойш эрчим хүч, дулааны татаас жилд дунджаар 58%-аар нэмэгдэв. 

Үнийг алдагдалтай тогтоож, татаасаар санхүүжүүлсээр байгаа нь өгөөжөө давсан сөрөг нөлөөтэй юм биш биз?

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ нэгж кВт цахилгааныг 10.8%-ийн алдагдалтай, баруун бүсийн нэгдсэн сүлжээ 46%-ийн алдагдалтай үнээр борлуулж байна. Гэхдээ үнийг алдагдалтай тогтоодгоос гадна эрчим хүчний салбарын өрсөлдөөнгүй, инновацгүй байдал нь нэгж цахилгаан үйлдвэрлэх өртгийг өндөр байлгаж байж ч болзошгүй юм.

Ирэх таван жилд багадаа ₮1.3 их наядын алдагдлыг нөхөх шаардлагатай болно...

2020–2023 оны хооронд дунджаар ₮46 тэрбум эрчим хүчний татаас олгосон бол цахилгааны үнийг нэмэгдүүлэн, шинэчлэн тогтоосон 2024 онд ₮222 тэрбум татаасыг олгожээ. Хэдийгээр 2024 онд цахилгааны үнийг шинэчлэн тогтоон эрчим хүчний компаниудын орлого 10%-аар нэмэгдсэн ч эсрэг талд алдагдал өмнөх оноос 136%-аар нэмэгдэж, татаас огцом өсөх болсон нь анхаарал татахуйц байна. Ерөнхий тооцооллоор тус салбарын компаниудын алдагдал нь орлогын 8.5%-тай тэнцэж байгаа бөгөөд цаашид 2024 оноос суурь үнийг хөдөлгөхгүй, цахилгааны хэрэглээ 6%-аар тогтмол өсөх тохиолдолд 2030 он хүртэл ₮1.3 их наядын алдагдлыг хагас их наядаас илүү татаасаар нөхөх ажээ. Гэвч тус өндөр дүн нь цахилгааны нийлүүлэлт, эх үүсвэрийг нэмэгдүүлэхгүй гэдгийг санах хэрэгтэй. 

Татаас жил бүр өсөж буй хэдий ч алдагдлаа ч нөхөж хүрэлцэхгүйн дээр компаниудын өр төлбөр ч улам нэмэгдэх магадлалтай: 

2020 оноос хойш дулааны станцуудын нүүрсний уурхайд төлөх өр ойролцоогоор ₮4 тэрбумаар нэмэгдэж буй нь алдагдлаа нөхөж чадахгүй, өр төлбөр үүссээр буйг харуулах аж.

Тэргүүн асуудал: Хамгийн чухал хэрэгцээтэй байгаа шинэчлэл, нийлүүлэлтийн доголдлыг татаас шийдэж чадах уу?

Төстэй нийтлэлүүд