pb-cover-img

Шинэ стратеги, шинэ шалгуур: АНУ-ын 2025 оны Үндэсний аюулгүй байдлын стратеги ба Монгол Улс

2026.02.03
PDF татах

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа 2025 оны 12 дугаар сард шинэчлэн баталсан Үндэсний аюулгүй байдлын стратегиа олон нийтэд танилцуулсан. Үүнээс өмнө Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Үндэсний аюулгүй байдлын стратегиа 2022 онд шинэчилж байв. Уг стратеги нь АНУ дэлхий дахинд ямар үүрэг гүйцэтгэх, цаашид аль бүс нутаг, асуудлыг нэн тэргүүнд тавих, түнш орнуудтайгаа харилцаагаа хэрхэн хөгжүүлэх зэргийг тодорхойлдог аюулгүй байдал, гадаад бодлогын суурь баримт бичиг юм. Шинэчлэн баталсан стратеги нь Америкийн гадаад бодлого өмнөхөөсөө илүү прагматик, сонгомол, ашиг сонирхолд суурилсан хэлбэр рүү шилжиж буйг ил тод харууллаа.

Монгол–Америкийн харилцаа ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлс дээр тулгуурлан “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд тогтвортой хөгжиж ирсэн. Гэвч АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, үнэлэмж өөрчлөгдөж стратегийн ач холбогдол, бодит өгөөжийг нэн тэргүүнд тавих болсон өнөөгийн нөхцөлд Монгол Улс Вашингтонтой харилцах харилцаагаа цаашид ямар үндэслэл, агуулгаар баяжуулах, хэрхэн тогтвортой, ач холбогдолтой хэвээр авч үлдэх вэ гэсэн асуулт зайлшгүй урган гарч байна. Ийнхүү нийтлэлдээ АНУ-ын 2025 оны шинэчлэгдсэн Үндэсний аюулгүй байдлын стратегийн үзэл баримтлал, гол чиг хандлагыг тодорхойлохыг хичээж, тэдгээр нь Монгол Улсын гадаад бодлого, ялангуяа АНУ-тай харилцах харилцаанд ямар нөлөө, сорилт, боломж авчирч болохыг авч үзлээ.

Шинэ стратегийн үндсэн чиг хандлага

Шинээр баталсан Үндэсний аюулгүй байдлын стратегидаа Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа “Америк эн тэргүүнд” буюу үндэсний эрх ашгаа нэн тэргүүнд тавих бодлого явуулна гэдгээ маш тодорхой илэрхийлж, гадаад бодлогын тэргүүлэх чиглэлээ дэлхийн бөмбөрцгийн баруун хагас (Western Hemisphere)-т нөлөөгөө бэхжүүлж, тус бүс нутгийн тогтвортой байдлыг хангах хэмээн тайлбарлажээ.

АНУ өмнө нь өөрийгөө дэлхийн дэг журмыг сахиулагч хэмээн тодорхойлж олон улсад өрнөж буй асуудлуудад анхаарлаа тэнцүү хандуулах бодлого баримталж ирсэн бол шинэ стратегидаа энэхүү ойлголтоос татгалзаж, бүх бүс нутаг, бүх асуудал АНУ-ын гадаад бодлогын төвд байх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч (NSS, pg.1), аливаа асуудлыг стратегийн ач холбогдлоор нь эрэмбэлж зөвхөн үндэсний ашиг сонирхол нь хөндөгдөх асуудал, бүс нутагт анхаарлаа хандуулна гэж тусгажээ.

Цаашлаад, Трампын засаг захиргаа 2025 оны баримт бичигт эдийн засгийн аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын үндэс суурь хэмээн тодорхойлж (NSS, pg.13), эдийн засгаа бэхжүүлэх, технологийн давуу байдлаа хадгалахыг нэн тэргүүний зорилт болгон дэвшүүлжээ. Ингэхдээ худалдаа, дотоодын үйлдвэрлэл, эрчим хүч, чухал ашигт малтмалын хүртээмж зэрэг асуудлыг стратегийн ач холбогдолтой чиглэл хэмээн онцолсон байна. Үүнээс гадна, ханган нийлүүлэлтийн сүлжээ болон эдийн засгийн хамаарлыг хянах үүргийг тусгай алба, үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллагуудад хариуцуулж эдийн засгийн бодлогыг үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болгон тодорхой заажээ.

Үүнээс гадна, 2025 оны стратегийг уншиж судлахад Доналд Трампын засаг захиргаа холбоотон, түнш орнуудтай харилцахдаа харилцан ашигтай байх зарчим, эдийн засаг, аюулгүй байдлын ачааллыг холбоотнууддаа тэнцүү үүрүүлэх бодлого баримтлах талаар дурдсан байна. Өөрөөр хэлбэл, түнш орнуудтай харилцахдаа сайн санааны үүднээс бус, үзүүлсэн дэмжлэг, оруулсан хувь нэмрээр нь үнэлэх юм. Энэ нь бусад улс орнууд АНУ-тай харилцах харилцаагаа цаашид дэмжлэг авах гэхээсээ илүү аль аль талдаа үр өгөөжтэй, харилцан ашигтай харилцаа болгон хөгжүүлэх шаардлагатайг илтгэж буй юм.

Монгол–Америкийн харилцааны өнөөгийн байдал: Тогтвортой боловч хязгаарлагдмал

1987 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд АНУ-тай харилцаагаа тогтвортой хөгжүүлэн ирж 2019 онд  харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн. Хоёр талын харилцаа ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж ирсэн бөгөөд Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаа дахь оролцоо харилцааг шинэ түвшинд гаргасан. Энэ утгаараа Улаанбаатар Вашингтонтой тогтвортой, улс төрийн хувьд эерэг, итгэлцэлд суурилсан харилцаатай гэж хэлж болно. Үүний тод жишээ саяхан Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улс АНУ-ын санаачилсан Энхийн зөвлөл (Board of Peace)-д үүсгэн байгуулагч гишүүнээр элссэн явдал юм.

Харин эдийн засгийн хувьд Монгол–Америкийн харилцаа харьцангуй хязгаарлагдмал хэвээр байна. Монгол Улсын газарзүйн байршил, жижиг зах зээл, дэд бүтэц сайн хөгжөөгүй зэрэг хүчин зүйлс сөргөөр нөлөөлж буй. Хоёр улсын худалдааны эргэлт 1 тэрбум ам.доллар хүрээгүй, Америкийн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ бага, Мянганы сорилтын сангийн усны төсөл (Water Supply Project)-ийг эс тооцвол өөр томоохон хамтарсан төсөл алга. Өөрөөр хэлбэл, харилцааг цаашид удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх, Америкийн талын байнгын бөгөөд идэвхтэй оролцоог хангах төсөл хөтөлбөр, санаачилга үгүйлэгдэж байна. Үүний улмаас харилцаа улс төрийн хувьд тогтвортой боловч эдийн засгийн хувьд сул, цар хүрээ нь хязгаарлагдмал байдалтай байна.

Трампын шинэ стратеги Монгол Улсад ямар нөлөө үзүүлэх вэ?

2025 оны Үндэсний аюулгүй байдлын стратеги дээр үндэслэн Монгол–Америкийн харилцаа суларч, ач холбогдлоо алдаж байна гэсэн дүгнэлтийг шууд хийх боломжгүй ч ойрын ирээдүйд хоёр улсын харилцаа ямар шалгуур, хүчин зүйлээр хэмжигдэх вэ гэдгийг бид зайлшгүй бодох хэрэгтэй. 

Хоёр талын харилцааг ардчилал, хүний эрх гэсэн нийтлэг үнэт зүйлс тодорхойлж ирсэн бол энэ нь дангаараа цаашид харилцааг хөгжүүлэхэд хангалтгүй бөгөөд хоёр талын харилцаа бодит үр дүн, эдийн засгийн үр өгөөжөөр хэмжигдэнэ гэдэг нь тодорхой байна. Энэ утгаараа Монгол Улс цаашид өөрийгөө зөвхөн “үнэт зүйлс нэгтэй” эсвэл “ардчилсан түнш” хэмээн тодорхойлохоос илүү АНУ-ын стратегийн тэргүүлэх чиглэлтэй огтлолцох бодит хамтын ажиллагааг бий болгох шаардлагатай юм.

2019 онд хоёр талын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлах үеэр талууд цэвэр эрчим хүч, чухал ашигт малтмал, хүнсний аюулгүй байдал, цахим эдийн засаг зэрэг харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ хүрээнд чухал ашигт малтмалын салбар Монгол–Америкийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, Америкийн бодит ашиг сонирхлыг бий болгох боломжит салбар гэж харж буй юм. 

АНУ эдийн засгийн аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг хэмээн үзэж ханган нийлүүлэлтийн сүлжээ, түүхий эдийн хамаарлыг бууруулахыг стратегийн гол зорилт болгон стратегидаа тусгасан. Энэ нөхцөлд Монгол Улс чухал ашигт малтмалын салбарт урт хугацааны хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой юм. Гэхдээ энэ нь мэдээж эрдэс баялгийн нөөцтэй байхаас гадна хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчин болон улс төр, макро эдийн засгийн тогтвортой байдлыг шаардана гэдгийг онцлох нь зүйтэй. 

Үүнээс гадна, Мянганы сорилтын сангийн усны төсөл хэрэгжиж дуусахын хэрээр (2026 оны 3 дугаар сар) урт хугацааны хамтарсан өөр ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг дараагийн шатанд ямар агуулгаар гаргаж ирэх вэ гэдгийг стратегийн түвшинд дахин тодорхойлох шаардлагатай болж байна. Ерөнхийлөгч Доналд Трамп засгийн эрхэнд гарснаар Америкийн Засгийн газар олон улсын төсөл хөтөлбөрүүдийг царцааж, бусад улс орнуудад үзүүлэх тусламжаа эрс бууруулсан. Үүнтэй холбогдуулан Монголын Засгийн газар дэмжлэг тусламж авах бодлогоос татгалзаж, эрчим хүчний салбарт, тэр дундаа дэд бүтэц сайжруулах, шинэ эх үүсвэр бий болгох чиглэлд хамтран ажиллах, хөрөнгө оруулалт эрэлхийлэх нь илүү үр дүнтэй болов уу.

Эцэст нь дүгнэхэд, дэлхийн геополитикийн нөхцөл байдал, Доналд Трампын нөлөөгөөр Америкийн гадаад бодлого хувьсан өөрчлөгдөж, бусад улс орнуудтай харилцах харилцаагаа нийтлэг үнэт зүйл, сайн санаан дээр бус, бодит агуулга, стратегийн уялдаа, харилцан ашигтай байдал дээр үндэслэн хөгжүүлнэ гэдгээ 2025 оны Үндэсний аюулгүй байдлын стратегидаа тодорхой тусгажээ. Энэ нь Монгол–Америкийн харилцааны ач холбогдлыг цаашид хэрхэн хадгалах, ямар агуулгаар хөгжүүлэх вэ гэдгийг эргэцүүлэн бодох, түүнтэй уялдсан, өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалсан бодлого хэрэгжүүлэх шаардлагыг бий болгож байна. Цаашид хоёр талын харилцаа Монгол Улс АНУ-ын стратегийн тэргүүлэх чиглэлүүдтэй хэр оновчтой огтлолцож бодит хамтын ажиллагаа хөгжүүлж чадах эсэхээс хамаарах юм.


Тинк Монгол Индэрийн нийтлэлүүдэд тусгагдсан аливаа үзэл бодол, санал, дүгнэлт нь зөвхөн нийтлэлчийнх бөгөөд Тинк Монгол Институтийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй болно.

Бусад бодлогын тойм