Тинк Монгол Институт нь бодлогын тойм болох “Mining Diversification is Critical for Mongolia’s Future” (Монгол нэр: “Уул уурхайн салбарын төрөлжилт Монголын ирээдүйд чухал ач холбогдолтой”) нийтлэлийн агуулгаас дахин та бүхэнд хүргэж буй.
Эдийн засаг уул уурхайгаас улам хамааралтай болов
Монгол эдийн засгаа төрөлжүүлэхийг удаа дараа зорьж ирсэн боловч уул уурхайгаас хараат байдлыг бодитоор бууруулж чадсангүй.
- Экспортын монополь: Уул уурхайн экспортын нийт экспортод эзлэх хувь 2010–2019 онд дунджаар 89%-тай байсан бол 2020–2024 онд 92% болж өсжээ. Мөн түүнчлэн энэхүү экспортын ихэнх хувь (90% орчим) нь зөвхөн ганцхан зах зээл болох БНХАУ руу чиглэcээр.
- Төсвийн хамаарал: Уул уурхайн орлогын нийт төсвийн орлогод эзлэх хувь 2005-2012 онд дунджаар 16% байсан ч 2020–2024 онд 31% болж бараг хоёр дахин өсжээ.
- ДНБ-д оруулж буй хувь: 2000–2009 онд уул уурхайн салбарын шууд болон шууд бус нөлөө ДНБ-ий 21% байсан бол 2020–2024 онд 30%-д хүрлээ.
Энэхүү уул уурхайд төвлөрсөн эдийн засгийн бүтэц нь түүхий эдийн үнэ, экспортын биет хэмжээний хэлбэлзэл, түнш орнуудын эдийн засгийн өөрчлөлтөд мэдрэг байдлыг нэмэгдүүлcээр байгаа аж.
2025 оны эхний 10 сарын байдал уул уурхайн хамаарлын бодит үр дагаврыг тод харуулсан. Тинк Монголын өмнөх нийтлэлд дэлгэрэнгүй дурдсанчлан, 2025 онд нүүрсний үнэ болон экспортын орлого огцом буурсан ч, аз болж зэсийн үнэ, орлого нэмэгдсэнээр төсвийн орлогын хомсдлыг ихээхэн хэмжээгээр нөхөж, эдийн засгийг хүнд цохилтоос сэргийлсэн. Уул уурхайгаас бусад салбаруудаа төрөлжүүлж чадахгүй байгаа энэ үед, 2025 оны энэхүү байдал Монголын эдийн засаг зөвхөн зэс, нүүрс гэх хоёр түүхий эдийн орлогод төвлөрснийг баталснаас гадна, урт хугацааны тогтвортой өсөлтийг зөвхөн уул уурхайн салбарыг өөрийг нь төрөлжүүлснээр бий болгож чадна гэдгийг бидэнд ойлгууллаа.
Монгол зэс ба нүүрсний "урхи"-нд орсоор
Нийт уул уурхайн экспортын орлогод зэс, нүүрсний эзлэх дундаж хувь 2010–2020 онд 67%-аас 2021–2025 онуудад 77% болж огцом нэмэгдсэн.

Энэхүү хэт төвлөрөл нь дараах хоёр томоохон эрсдэлийг үүсгэж буй:
1. Төвлөрлийн эрсдэл: Эдийн засаг уул уурхайд ихээхэн уягдсанаас гадна, өндөр үнийн хэлбэлзэлтэй зэс, нүүрсэнд хэт төвлөрсөн нь макро эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэж болзошгүй.
2. Давхар цохилт: Монголын экспортолсон зэс, нүүрсний үнийн хооронд тодорхой хэмжээний эерэг хамаарал ажиглагддаг. Энэ нь зэс, нүүрсний аль нэгний үнэ огцом унасан тохиолдолд Монголын экспортын хоёр гол тулгуур зэрэг цохилтод өртөж, улмаар эдийн засагт томоохон сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэсэн үг.
Монголын зэсийн нийт үйлдвэрлэлийн ихэнх хувийг зөвхөн Оюу Толгой, Эрдэнэт уурхай хангадаг. Гэвч одоогийн байдлаар 2036 оноос хойших зэсийн олборлолт, орлогын ирээдүй тодорхой бус аж. Оюу Толгой-н хувьд 2028–2036 оны хооронд их хэмжээний зэс олборлож оргил үедээ хүрэх тооцоотой байгаа ч, 2036 оноос хойш зэсийн олборлолтын хэмжээ нь буурах төлөвтэй байгаа. Мөн Эрдэнэт уурхайн насжилттай холбоотойгоор хүдрийн агууламж нь буурч, олборлолтын зардал нэмэгдэх зэрэг эрсдэлүүд нэмж бий болж буй. Зэсээс гадна нүүрсний зах зээлийн ирээдүй, тэр дундаа үнэ, эрэлт хэрэгцээ хэрхэн өөрчлөгдөх нь бүр тодорхойгүй хэвээр.
Энэхүү тодорхойгүй байдал, томоохон төслүүдийн оргил үе дуусах төлөв нь дараагийн "Оюу Толгой" болохуйц зэсийн шинэ ордуудыг хайж нээх, мөн түүнчлэн зэс, нүүрснээс бусад ашигт малтмалын хайгуул, олборлолтыг хөгжүүлж, нэмэлт орлогын нөөцтэй болох шаардлагыг тод илтгэнэ.
Шийдэл нь уул уурхайн төрөлжилт юм
Уул уурхайн салбар нь эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хэвээр байгаа тул, тогтвортой эдийн засгийн өсөлтөд хүрэх хамгийн тодорхой зам бол уул уурхайн салбарыг төрөлжүүлэх юм.
Уул уурхайн төрөлжилт гэдэг нь үр дүнгээ хурдан өгөх богино хугацааны шийдэл бус, харин ирээдүйд дэлхийн түүхий эдийн зах зээлийн циклийг даван туулж, эдийн засгаа тогтвортой өсгөх урт хугацааны стратеги юм. Өнөө үед шинэ уурхайг илрүүлснээс ашиглалтад оруулахад дунджаар 16.5 жил шаардагдаж байна гэсэн тооцоолол бий. Иймээс Монгол зэс, нүүрсний орлого 10 гаруй жилийн дараагаас буурч болзошгүй байгаа энэ нөхцөлд, ирээдүйд үүсэх орлогын тогтворгүй байдлаас сэргийлэхийн тулд уул уурхайн төрөлжилтийг нэн даруй хэрэгжүүлэх ёстой.
Төрөлжүүлэх стратегиуд:
- Босоо төрөлжилт (Vertical Diversification): Ашигт малтмалыг түүхий байдлаар гаргахаас илүү нэмүү өртөг шингэсэн боловсруулалт хийж үр өгөөжийг нэмэгдүүлэх. Оюу Толгой, Эрдэнэтийн уурхайг түшиглэн зэс хайлуулах, цэвэршүүлэх зэрэг боловсруулах хүчин чадлыг хөгжүүлэх нь зайлшгүй.
- Хэвтээ төрөлжилт (Horizontal Diversification): Зэс, нүүрснээс хэт хамааралтай байдлыг бууруулж, бусад ашигт малтмалын (газрын ховор элементүүд, уран, алт гэх мэт) хайгуул болон олборлолтыг нэмэгдүүлэн шинэ нийлүүлэлтийн сүлжээнүүд бий болгож зэс, нүүрсний уналтын үед орлогоо тогтворжуулж байх.
Эхний ээлжид уул уурхайн салбарын төрөлжилтийг өргөжүүлж, улмаар бий болох орлогод тулгуурлан эдийн засгийн бусад салбаруудыг төрөлжүүлэх бодлогыг шат дараатай хэрэгжүүлснээр бид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж чадна.
Бодлогын зөвлөмж
Монголын уул уурхайн салбарыг төрөлжүүлж, урт хугацаанд тогтвортой өсөлтөд хүрэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, стратегийн түншлэлийг татах үйл явцад улс төрийн тогтворгүй байдал, хууль эрх зүйн орчны тогтворгүй, ойлгомжгүй байдал ноцтой саад учруулсаар өдий хүрлээ. Эдгээр хүчин зүйлс нь бодлогын урьдчилан таамаглах боломжийг бууруулж, бизнесийн эрсдэлийн түвшнийг нэмэгдүүлснээр хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулсаар буй.
Цаашид анхаарах ёстой үндсэн гурван бодлогын чиглэл:
1. Хөрөнгө оруулалтын бэрхшээлийг арилгах:
- Уул уурхайн төрөлжилтөд нэн шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд татвар, хууль эрх зүйн орчныг сайжруулж, бизнесийн эрсдэлийн түвшнийг бууруулах.
- Үүнд АМНАТ-ын зохицуулалтыг олон улсад өрсөлдөхүйц, оновчтой болгоход оршино. АМНАТ ба татварын дэглэм нь шинэ төслүүдийн эдийн засгийн өгөөжийг бууруулж, хайгуул, олборлолтыг удаашруулах хүчин зүйл болсоор байгаа аж.
- Ялангуяа зэсийн нөөц ашигласны төлбөр нь хоёр үе шаттай бөгөөд үндсэн 5%-ийн төлбөр дээр боловсруулалт, дэлхийн зах зээлийн үнийн түвшнээс хамааран 0–30%-ийн нэмэлт төлбөр ногддог нь шинэ зэсийн төслүүдэд саад учруулсаар.
- Уул уурхайн салбарын хөгжил нь гадаадын хөрөнгө оруулалттай салшгүй холбоотой бөгөөд таатай хөрөнгө оруулалтын орчныг үүсгэхгүй бол салбар зогсонги байдалд орж болзошгүй.
2. Уул уурхайн төрөлжилтийг идэвхтэй хэрэгжүүлэх:
- Бодлого нь зөвхөн зэс, нүүрсний орлогыг нэмэгдүүлэх дээр төвлөрөхөөс илүүтэй, төрөлжсөн, тэсвэртэй уул уурхайн салбарыг бүтээж, түүнээс үр өгөөж авах чиглэлд шилжих ёстой.
- Зөөвч-Овоо ураны төсөл амжилттай хэрэгжиж, ашиглалтад орсноор ирээдүйд гадаад хөрөнгө оруулалтын зөв жишиг тогтох боломжтой.
- Төрийн оролцоо хэт их, хууль эрх зүйн сул байдлыг шийдвэрлэн хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, үүний зэрэгцээ дараагийн үеийн ордуудыг илрүүлэхийн тулд идэвхтэй хайгуул хийгдэж буй талбайг нэмэгдүүлэх шаардлагатай.
3. Төсвийн сахилга батыг баримтлах:
- Засгийн газар орлогын өсөлтийн үед төсвийг хэт тэлдэг (procyclical) зан үйлээ өөрчилж, стратегийн бус, улс төрийн зорилготой зардлуудаас татгалзах хэрэгтэй.
- Савлагаа өндөртэй түүхий эдийн үнийн таамаглал дээр үндэслэсэн хэт өөдрөг төсвийн орлогын таамаглал хийхээс зайлсхийх.
- "Голланд өвчин"-өөс (Dutch Disease) сэргийлэх зорилгоор уул уурхайн орлогыг бусад салбаруудыг дэмжихэд ашиглаж, улмаар урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах эдийн засгийн суурийг бэхжүүлэх шаардлагатай аж.
- Монголын эдийн засаг уул уурхайн төслүүдээс орж ирэх их хэмжээний орлогыг шууд шингээх хэмжээнд хүрэлцэхүйц том биш юм. Иймээс илүүдэл орлогыг эдийн засагт шууд оруулж инфляц өдөөх бус, баялгийн сан, тогтворжуулалтын сан зэрэг тогтолцоог зөв хэрэгжүүлэн тус орлогыг хуримтлуулж, үр өгөөжтэй ашиглах шаардлагатай. Ингэснээр түүхий эдийн үнэ унасан үед төсвийн тогтвортой байдлыг хангаж, уул уурхайгаас бусад салбарыг дэмжиж, хөрөнгө оруулах боломжийг олгоно.
