detail-cover-img

2025 оны төсвийг зэс аварч буй: Эдийн засгийн төрөлжилт уул уурхайн салбараас эхлэх ёстой юу?

Тинк Монгол Институт нь бодлогын тойм болох “Mining Diversification is Critical for Mongolia’s Future” (Монгол нэр: “Уул уурхайн салбарын төрөлжилт Монголын ирээдүйд чухал ач холбогдолтой”) нийтлэлийн агуулгаас та бүхэнд хүргэж байна.

2025 оны 10-р сарын байдлаар, зэсийн баяжмал болон хүдрийн үнийн өсөлт нь экспортын биет хэмжээний өсөлттэй хосолсноор Монголын эдийн засгийг түр зуур аварч буй түшиг боллоо. Зэс нь төсвийг тэтгэх чухал орлогыг бүрдүүлж байгаа ч, энэхүү хамаарал нь эдийн засагт төвлөрлийн суурь эрсдэл хэвээр байгааг илтгэж байна.

Зэс төсөвт учирч болох томоохон эрсдэлээс сэргийлэв

  • Нүүрсний үнэ 2025 онд огцом унаж (2024 онтой харьцуулахад 30%-аас дээш буурсан), төсвийн тогтвортой байдлыг хадгалахын тулд 2025 оны төсөвт жилийн дундуур тодотгол хийх шаардлагатай болсон.
  • 2025 оны эхний 10 сарын байдлаар 2024 оны мөн үетэй харьцуулахад нүүрсний орлого ∼$2.97 тэрбумаар буурсан ч зэсийн орлого $1.9 тэрбумаар өсжээ. Хэдий зэс нь нүүрсний орлогын уналтыг бүрэн нөхөж чадаагүй ч, нийт орлогын бууралтыг 64%-аар хязгаарлажээ.

2025 онд зэсээр дамжуулан авсан сургамжууд

Төсвийн орлогын тасалдал болон жил дамнасан алдагдалтай төсвийн нөхцөл байдал улам муудах эрсдэлээс зэс аварлаа. Энэ нь Монгол орлогын эх үүсвэр болох уул уурхайг төрөлжүүлж, олон тулгууртай болох шаардлагатай чухал дохио болов. Энгийнээр, уул уурхайн бүтээгдэхүүний төрөлжилтийг хангах нь нэг бүтээгдэхүүнээс хэт хараат байх, дэлхийн зах зээлийн үнийн савлагааг даван туулах түлхүүр болох нь:

  • 2021–2023 оны орлогын огцом өсөлт нь нүүрсний үнэ, экспортын хэмжээ нэгэн зэрэг давхцаж өссөн ховор тохиолдол байсан. Гэсэн хэдий ч, Засгийн газар уг түр зуурын өсөлтийг орлогын байнгын өсөлт мэт хүлээн авч, төсвийн зарлагаа 100 гаруй хувиар тэлсэн (2021 онд төсвийн зарлага ₮15.6 их наяд байсан бол 2025 онд тодотголоос өмнө ₮33.4 их наяд хүрсэн). 
    • Хэрэв 2025 онд зэсийн үнэ болон биет хэмжээ 2021 оны түвшинд хадгалагдсан бол үүнээс үүдэх $7.2 тэрбумын орлого нь 2025 оны бодит $8.9 тэрбумын орлоготой харьцуулахад одоогийн хэт тэлсэн төсвийг хангахад хангалтгүй байх магадлалтай байсан. Иймд зэсийн өсөлт нь 2025 онд төсвийн огцом хомсдол үүсэхээс сэргийлсэн гол нөөц (buffer) болсон юм.
  • Энэхүү нөхцөл байдал нь мөчлөг дагасан бодлогын (procyclical policy) эрсдэлийг тодорхой харуулж буй. Учирч болохуйц ирээдүйн хямралуудыг даван туулахын тулд Монгол уул уурхайн салбарын төрөлжилтийг яаралтай эрчимжүүлж, төсвийн тогтвортой байдлыг хадгалах нэмэлт нөөцүүдийг бий болгох шаардлагатай байна.