Монгол Улсын уул уурхайн салбарын эрх зүйн суурь болсон Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл олон жилийн турш яригдаж, хэд хэдэн Засгийн газар, салбар хариуцсан сайдын ширээг дамжсаны эцэст саяхан Улсын Их Хуралд өргөн баригдлаа.
Энэ хууль бол зүгээр нэг салбарын хууль биш. Монгол Улсад геологи, хайгуул, олборлолт, боловсруулалт, хөрөнгө оруулалт, улсын төсвийн орлого, орон нутгийн хөгжил, гадаадын хөрөнгө оруулалтын орчин зэрэг олон асуудлыг тодорхойлдог стратегийн ач холбогдолтой хууль юм.
Тиймээс энэхүү шинэчлэл нь зөвхөн уул уурхайн компаниудад бус Монгол Улсын эдийн засгийн ирээдүйд нөлөөлөх хэмжээний асуудал гэж хэлж болно.
Хуулийг өөрчлөх шаардлага яагаад үүсэв?
Ашигт малтмалын тухай хуулийг анх 2006 оны долоодугаар сарын 8-ны өдөр баталсан. Түүнээс хойш 30 гаруй удаагийн нэмэлт, өөрчлөлт оржээ.
Олон удаагийн нөхөөс шинжтэй өөрчлөлтийн үр дүнд анхны үзэл баримтлал нь сарниж, салбарын хөгжлийг дэмжих бодлогоос илүүтэйгээр хязгаарлах, шалгах, хянах чиглэлийн зохицуулалт давамгайлах болсон гэж салбарынхан үздэг.
Иймээс энэ удаагийн өөрчлөлт нь зөвхөн хэдэн заалт засварлах асуудал биш бөгөөд угтаа бол бүрэн хэмжээний шинэчилсэн найруулга хийх хэмжээнд хүрсэн асуудал юм.
Гэвч уул уурхайн салбар Монголын улс төр дэх хамгийн эмзэг, хамгийн их эсэргүүцэл дагуулдаг сэдвүүдийн нэг болсон тул өмнөх сайд нарын хувьд ийм том шинэчлэлийг эхлүүлэх улс төрийн зориг дутсаар ирсэн. Харин энэ удаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням юутай ч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлчихлээ.
Гэвч гол асуулт хэвээр....
“Энэхүү шинэчилсэн найруулга уул уурхайн салбарт шинэ боломж, хөрөнгө оруулалтын үүд хаалгыг нээх үү, эсвэл бизнес эрхлэгчдэд шинэ төрлийн дарамт, хязгаарлалтыг бий болгох уу?”
Шинэ хуулийн төсөлд туссан эерэг өөрчлөлтүүд
Геологи, хайгуулын салбарт шинэ боломжийн цонх нээгдэж байна
Хуулийн төслийн хамгийн том давуу талуудын нэг нь геологийн суурь судалгаа, эрлийн ажлыг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх шинэ тогтолцоог бий болгож байгаа явдал юм.
Сүүлийн арван жилд Монгол Улсад хайгуулын тусгай зөвшөөрлийн олголт хумигдаж, геологи хайгуулын хөрөнгө оруулалт эрс буурсан. Үүний үр дүнд шинэ орд нээх ажил үндсэндээ саарч, ирээдүйн уул уурхайн төслүүдийн нөөц багасах эрсдэл үүсээд байгаа.
Шинэ зохицуулалтын дагуу хувийн хэвшил тодорхой талбайд геологийн суурь судалгаа хийж, үр дүнд нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх давуу эрхтэй болох юм. Өөрөөр хэлбэл төрийн хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа нөхцөлд хувийн хэвшлийн хөрөнгөөр геологийн судалгааг өргөжүүлэх механизм бий болж байна гэсэн үг. Энэ нь хайгуулын салбарт бодит сэргэлт авчрах магадлалтай хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг гэж үзэж болно.
Зэсийн салбарыг хөдөлгөх татварын шинэ бодлого
Монгол Улсын уул уурхайн ирээдүйг тодорхойлох гол ашигт малтмалын нэг бол яах аргагүй зэс.
Гэвч өнөөгийн эрх зүйн орчинд зарим тохиолдолд зэсийн төслүүдэд 18-20 хувьд хүрсэн АМНАТ ногдуулж байгаа нь хөрөнгө оруулалтын өгөөжийг бууруулж, олон төслийг зогсонги байдалд оруулсан. Шинэ хуулийн төсөлд АМНАТ-ын бүтцийг өөрчилж 5+5 буюу 10 хувь орчим түвшинд хүргэх зохицуулалт тусгагджээ.
Энэ нь дэлхийн дундаж түвшинтэй харьцуулахад өндөр хэвээр байгаа ч өнөөгийн нөхцөлөөс хавьгүй өрсөлдөх чадвартай болгох юм. Цагаан суварга, Хармагтай зэрэг олон жил бэлтгэгдсэн төслүүдийн хувьд энэхүү өөрчлөлт бодитой дэмжлэг болж чадна.
Оюу Толгой төслийн хувьд энэ зохицуулалт хамааралгүй бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд 5 хувийн роялти төлөх зохицуулалттай байдаг.
Харин дараагийн үеийн зэсийн төслүүдийн хувьд энэ бол хөрөнгө оруулалтын шийдвэрийг хурдасгах чухал хүчин зүйл болох боломжтой.
Чухал ашигт малтмалын эрх зүйн орчин анх удаа бий болж байна
Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитик, эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор литий, газрын ховор элемент, никель, кобальт зэрэг ашигт малтмалын үнэ цэнэ эрс өссөн.
АНУ, Европын Холбоо, Австрали, Канад зэрэг орнууд Critical Minerals буюу Чухал ашигт малтмалын бодлого боловсруулж эхэлсэн. Харин Монгол Улсад энэ чиглэлийн эрх зүйн орчин өнөөг хүртэл үндсэндээ байсангүй.
Шинэ хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газар чухал ашигт малтмалын жагсаалтыг батлах, хөгжлийн бодлого боловсруулах, стратеги хэрэгжүүлэх эрх зүйн боломжтой болох юм.
Энэ нь Монгол Улсыг дэлхийн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд илүү өрсөлдөх чадвартайгаар оролцох боломжийг бүрдүүлж магадгүй.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чухал алхам
Монголын уул уурхайн салбарт хамгийн их ярьдаг асуудлын нэг бол орон нутгийн эсэргүүцэл. Хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд олон жилийн турш үйл ажиллагаагаа хязгаарлуулах, техник хэрэгслийг саатуулах, хууль бус шаардлага тавих зэрэг хүндрэлтэй тулгарсаар ирсэн.
Шинэ хуулийн төсөлд ийм төрлийн хууль бус саад учруулсан этгээдэд хариуцлага тооцох зохицуулалт оржээ.
Энэ нь иргэдийн үг хэлэх эрхийг хязгаарлахдаа биш харин маргааныг хууль, хэлэлцээ, зөвшилцлийн хүрээнд шийдвэрлэх соёлыг төлөвшүүлэх боломжийг олгоно гэж найдаж байна.
Хайгуул хийх боломжтой талбайн хүрээг тэлж байна
Шинэ хуулийн төсөлд хилийн бүсэд анхан шатны геологийн судалгаа хийх боломжийг нээж өгч байна.
Энэ нь өмнө нь судлагдаагүй үлдсэн бүс нутгийн эрдэс баялгийн нөөцийг тогтоох шинэ боломж юм.
Мөн сүүлийн жилүүдэд аймаг, сумдын ИТХ-аас орон нутгийн тусгай хэрэгцээний газар нэрээр томоохон талбайд хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг хаах явдал нэмэгдсэн.
Шинэ өөрчлөлтөөр улсын тусгай хэрэгцээний газар биш бол хайгуул, ашиглалт явуулах боломжийг илүү нээлттэй болгох чиглэл барьж байгаа нь эдийн засгийн эргэлтэд орох боломжтой олон ордыг нээж өгөх ач холбогдолтой.
Дагалдах хуулийн төслүүдийн оновчтой өөрчлөлтүүд
Шинэчилсэн найруулгыг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд ч салбарын зүгээс эергээр үнэлж болох хэд хэдэн зохицуулалт багтжээ.
Биржийн хуулийн өөрчлөлт
Өнөөг хүртэл уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зөвхөн экспортын зориулалтаар арилжаалах боломжтой байсан нь дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд томоохон хүндрэл үүсгэж ирсэн.
Харин шинэ өөрчлөлтөөр дотоодын үйлдвэрүүд биржээс түүхий эд худалдан авах боломжтой болох бөгөөд энэ нь дотоодын баяжуулах, боловсруулах үйл ажиллагаа эрхлэгчдэд томоохон дэмжлэг болох юм.
Орон нутагт үлдэх өгөөж нэмэгдэнэ
АМНАТ-ын хуваарилалтыг илүү шударга тогтолцоонд шилжүүлж олборлолт явагдаж буй орон нутаг, сум, аймаг илүү өгөөж хүртдэг системд чиглүүлж байгаа нь уул уурхайн үйлдвэрлэлийн нөлөөлөлд өртөж байгаа бүс нутгийн иргэдийн амьдралын чанар дээшлэх, орлого амьжиргаа нэмэгдэх боломжийг бий болгоно. Ингэснээр уул уурхайг эсэргүүцэх хандлага, сэтгэлгээг өөрчлөх чухал алхам болох юм.
Шинэ боломжуудын цаана нуугдсан эрсдэлүүд
Эерэг талуудын зэрэгцээ салбарынхан болгоомжлон харж буй хэд хэдэн зохицуулалт төсөлд багтжээ.
Шинэ зөвшөөрөл, шинэ баримт бичгийн дарамт
Засгийн газар бизнесийн орчныг сайжруулж, зөвшөөрлийн тоог бууруулах бодлого ярьж буй энэ үед баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх болон маркшейдерийн үйл ажиллагаа эрхлэх гэсэн хоёр шинэ тусгай зөвшөөрөл бий болгохоор тусгажээ. Гэвч эдгээр зөвшөөрөл нь салбарын өмнө тулгамдсан ямар асуудлыг шийдвэрлэх гэж буй нь төдийлөн тодорхой бус байна.
Ялангуяа баяжуулах үйлдвэр нь олборлолт бус боловсруулалт, нэмүү өртөг шингээх үйл ажиллагаа эрхэлдэг тул стандарт, байгаль орчны шаардлагаа ханган ажиллаж байгаа нөхцөлд дахин тусгай зөвшөөрлөөр зохицуулах нь боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой нийцэхгүй мэт.
Мөн “Уурхай, баяжуулах үйлдвэрийн зураг төсөл” гэх шинэ баримт бичгийг бий болгох, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг 3-5 жил тутам шинэчлэх үүрэг ногдуулахаар байгаа нь аж ахуйн нэгжүүдэд нэмэлт зардал, захиргааны ачаалал үүсгэхээр байна.
Эдгээр зохицуулалт нь хяналтыг сайжруулах зорилготой байж болох ч нөгөө талдаа салбарыг дэмжихээс илүүтэйгээр төрийн хүнд суртал, зөвшөөрлийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлийг дагуулна.
Хайгуулын хугацааг богиносгох нь зөв шийдэл үү?
Хуулийн төсөлд тусгай зөвшөөрлийн нийт хугацааг өнөөгийн 12 жил хүртэлх тогтолцооноос 6 жил хүртэл болгон бууруулахаар тусгажээ. Энэхүү өөрчлөлтийн цаад зорилго нь хайгуулын ажлыг эрчимжүүлэх, лицензийг удаан хугацаагаар “хадгалдаг” байдлыг хязгаарлах, бодит хөрөнгө оруулалт хийх чадвартай этгээдүүдийг дэмжихэд оршиж байна.
Гэвч хайгуулын салбар бол өндөр эрсдэлтэй, урт хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг бизнес. Ялангуяа санхүүгийн чадавх хязгаарлагдмал үндэсний компаниудын хувьд хайгуулын ажлыг богино хугацаанд бүрэн гүйцэтгэх боломж тэр бүр байдаггүй. Иймээс лицензийн хугацааг огцом бууруулах нь хайгуулын ажлыг эрчимжүүлэхээс гадна дотоодын аж ахуйн нэгжүүдийг зах зээлээс шахах, улмаар санхүүгийн боломж өндөртэй гадаадын хөрөнгө оруулагчдад давуу байдал бий болгох эрсдэлийг дагуулж байна.
Өөрөөр хэлбэл, лицензийн хугацааг богиносгох нь хайгуулын салбарыг илүү үр ашигтай болгох уу, эсвэл үндэсний компаниудын орон зайг хумих уу гэсэн асуултыг бий болгоно.
Хайгуулын хөрөнгө оруулалтыг хумьж болзошгүй төлбөрийн өсөлт
Хуулийн төсөлд туссан хамгийн их маргаан дагуулж болохуйц өөрчлөлтийн нэг нь хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр болон жил бүр хийх хайгуулын ажлын доод зардлын хэмжээг огцом нэмэгдүүлэх зохицуулалт юм.
Төслийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр хайгуулын үе шатнаас хамааран одоогийн зохицуулалтаас даруй 33-170 дахин, жилд хийх хайгуулын ажлын доод хэмжээ 13-62 дахин өсөхөөр байна. Энэ нь хайгуулын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад урьд өмнө байгаагүй санхүүгийн дарамт авчрах эрсдэлтэй.
Уг нь хайгуулын бизнес өөрөө өндөр эрсдэлтэй салбар. Олон улсын статистикаас харахад хайгуулын ажлын дөнгөж 2-5 хувь нь эдийн засгийн үр ашигтай орд болж хөгждөг. Өөрөөр хэлбэл ихэнх хайгуулын хөрөнгө оруулалт нь ашигт малтмалын нөөц, хуримтлал тогтоож чадалгүйгээр өндөр эрсдэл хүлээдэг гэсэн үг.
Ийм нөхцөлд хайгуулын компаниудад нэмэлт санхүүгийн ачаалал үүрүүлэх нь шинэ хөрөнгө оруулалтыг татахаас илүүтэйгээр хайгуулын үйл ажиллагааг хумих эрсдэлийг бий болгож болзошгүй. Ялангуяа үндэсний хайгуулын компаниудын хувьд ийм хэмжээний төлбөр, зардлын шаардлагыг давахад хүндрэлтэй бөгөөд улмаар тусгай зөвшөөрлүүд санхүүгийн чадавх өндөртэй гадаадын хөрөнгө оруулагчдын гарт төвлөрөх нөхцөл үүсэх эрсдэлтэй байна.
Хэрэв энэхүү зохицуулалтыг бодит эдийн засгийн нөхцөл, хайгуулын салбарын онцлогтой уялдуулахгүйгээр хэрэгжүүлбэл Монгол Улсад хайгуулыг эрчимжүүлэх бус харин үндэсний хайгуулын бизнесийг шахах үр дагаварт хүргэж мэдэх юм.
Дүгнэлт
Энэхүү хуулийн шинэчилсэн найруулга нь геологи, хайгуулын салбарт шинэ боломжуудыг нээх, зэсийн төслүүдийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, чухал ашигт малтмалын эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг олон эерэг санаачилгыг агуулсан нь эргэлзээгүй. Гэвч нөгөө талдаа тусгай зөвшөөрлийн шинэ төрлүүдийг бий болгох, хайгуулын хугацааг богиносгох, төлбөр болон зардлын босгыг огцом нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтууд нь салбарыг дэмжихээсээ илүүтэйгээр бизнес эрхлэгчдийн ачааллыг нэмэгдүүлэх эрсдэлийг мөн дагуулж байна.
Хамгийн харамсалтай нь энэ удаагийн шинэчлэл салбарын хүрээнд олон жил яригдсан суурь асуудлуудыг шийдвэрлэх боломжийг бүрэн ашиглаж чадсангүй. Тухайлбал, дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сулруулдаг давхардсан АМНАТ-ын асуудал, жишиг үнийн тогтолцоотой холбоотой маргаанууд, стратегийн ордын талаарх ойлгомжгүй эрх зүйн орчин, урт нэртэй хуулийн хэрэгжилтээс үүдэлтэй хүндрэлүүд, түгээмэл тархацтай ашигт малтмалын зохицуулалт зэрэг хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдийн хамгийн их хүлээж байсан асуудлууд энэ удаа ч мөн хойно үлдэв.
Өөрөөр хэлбэл, уг төсөл нь уул уурхайн салбарын ирээдүйн хөгжлийн талаар шинэ сэдвүүдийг хөндөж чадсан ч өнөөдөр салбарын хөгжлийг хамгийн ихээр хязгаарлаж буй асуудлуудад хангалттай хариулт өгч чадсангүй. Тиймээс энэхүү шинэчлэл нь салбарын тогтолцоог бүхэлд нь шинэчилсэн эрх зүйн реформ гэхээсээ илүү тодорхой асуудлуудыг хэсэгчлэн зохицуулах оролдлого болсон мэт харагдаж байна.
Тинк Монгол Индэрийн нийтлэлүүдэд тусгагдсан аливаа үзэл бодол, санал, дүгнэлт нь зөвхөн нийтлэлчийнх бөгөөд Тинк Монгол Институтийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй болно.
